УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-23 13:31:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. 


Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад 2014 онд айлчилж, хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шинэ шатанд гаргасан. Хоёр орны олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлгэмийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр, БНХАУ, Монгол Улсын найрсаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх төр засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ши Жиньпин дарга тэргүүтэй БНХАУ-ын төр засгийн удирдлага коронавирустэй тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажилласан гэдгийг онцлов. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлан, COVID-19-тэй тэмцэхэд хоёр улсын ард түмэн эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлснийг онцлон тэмдэглэлээ.  


Элчин сайд Цай Вэньруй хэлсэн үгэндээ, коронавирус тархаж эхэлхэд Монгол Улсын төр засаг, Улсын Их Хурлын гишүүд, монголын ард дэмжлэг, тусламж олгосныг хятадын ард түмэн мартаагүй, мартахгүй хэмээгээд Монгол Улс зөв бодлого явуулж, хариуцлагатай,  шуурхай арга хэмжээ авч байгаа нь дэлхийд том амжилт, туршлага болж байгааг  онцолсон.


Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсээд, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг учир парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахыг захилаа. 

Холбоотой мэдээ