Хөндлөн төмөр зам барьснаар Монголын анхны хүнд үйлдвэрийн төв Зүүнбаян дахин сэргэн мандана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-23 11:11:41

Дорноговь/МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг Зүүнбаянд өрнөж байна.

Төмөр замын дээд бүтэц болох нийт 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй үе буюу хавтанг УБТЗ-ын Зам засварын машинт станцын замчид дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн угсарч эхэлсэн юм.

Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэж байна.

Албаныхны өгсөн мэдээллээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт найман аж ахуйн нэгж, Зүүнбаянд есөн аж ахуйн нэгж эл бүтээн байгуулалтад ажиллаж байгаа бол Монголын Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэж буй.


Хөндлөн төмөр зам барьснаар тээврийн өртгийг бууруулна


Одоогоос арван жилийн өмнө Монгол Улсын Их Хурал Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж шинээр барих төмөр замыг гурван үе шаттайгаар нийт 6600 гаруй км төмөр зам барихаар тусгасан байдаг.

Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барьснаар энэ нь Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр замтай холбогдож Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хятадын зах зээлд үнийн өрсөлдөөнт байдлаар олон гарцаар зэрэг нийлүүлэх, БНХАУ, ОХУ-аар дамжин далайн чанад дахь Япон, Солонгос, зэрэг гуравдагч зах зээлд өндөр үнээр уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлж борлуулах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй.

Тавантолгойгоос урагш авто замаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 доллар байгаа бол төмөр зам баригдсанаар тээврийн хөлс 3 дахин буюу найман доллар болж буурах тооцоо бий гэж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тодотгож байсан. Тавантолгой Зүүнбаянгийн төмөр зам УБТЗ-ын гол замтай холбогдон төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдоно.

 

Монголын анхны хүнд үйлдвэрийн төв Зүүнбаян дахин сэргэн мандана

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгон цагтаа манай улсын хүнд үйлдвэрийн төв /нефть/, арван мянга гаруй  цэрэгтэй “Хаалттай хот”,  330 гаруй айлын 88 орон сууц, 700 метр квадрат талбай бүхий дэлгүүр, эмнэлэг, цэцэрлэг, 160 хүүхдийн сургууль, талхны газар, клуб, халуун усны газар, усан бассейнтай томоохон хот байлаа.

Харин зах зээл эхэлснээс хойш Зүүнбаянгийн халаалт дулаан доголдож, ажиллагсад нь таран явснаар Зүүнбаян эзгүйрч барилга байгууламжийг нь олз хайсан хүмүүс тонож эхэлсэн юм.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон эл өртөө татан буугдаж “Доншен газрын тос” ХХК-ийн түүхий нефтийг урагш нь зөөхөд ачилт хийдэг төдий зам болж хувирсан юм.

Тус өртөө ачаа бараа хүлээн авч явуулах 800-950 метрийн урттай гурван замтай. Нийтийн хэрэгцээний найман вагоны багтаамжтай зорчигч тээврийн салбар замтай.

Мөн хааяа нүүрсний тээвэр хийхэд замыг ашиглана. Тэгвэл хөндлөн төмөр зам барьснаар Сайншанд  сумаас баруун урагш 45 км-т оршдог, нийт 1970 хүн амтай бяцхан суурин эдүгээ дахин сэргэн мандах боломжтой болжээ.

Зүүнбаян өртөө уртаашаа 600 метр сунгагдаж ачаа тээвэр шилжүүлэн ачих найман замтай, хажуудаа Үе угсрах баазтай томоохон өртөө болж өргөжих зураг гарсан байна.

Одоогоор Зүүнбаян өртөөнд есөн хүн ажиллаж байгаа бол цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах чиглэлээр 20, вагон үзэх чиглэлээр 18, зам засварын 30 гаруй нийт 70 гаруй хүн ажиллах орон тооны төлөвлөлтийг албаныхан хийжээ.

Мөн төмөр замын өртөөний барилга байгууламжийн хэсэг болох зорчигчийн танхим, бусад байгууламж, өрөө тасалгааг шинэчлэн засварлах ажил эхэлжээ.

Шинээр буй болох найман замын нэг нь Ханги-Мандалын төмөр замыг барихад ашиглах аж. Тавантолгой Зүүнбаянгийн төмөр зам зургаан зөрлөгтэй, хамгийн наад талын зөрлөг нь Зүүнбаянгаас 75 км-ийн зайтай оршино.

Холбоотой мэдээ