“Байгалиа хамгаалъя” сарын аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-22 15:00:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, /ГХУСАЗСЗ/ болон Цагдаагийн Ерөнхий газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Ногоон дуу хоолой” нэрийн дор “Байгалиа хамгаалъя” нэг сарын аяныг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн хэрэгжүүлж байна.

Аяны үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн салбар зөвлөлөөс орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын удирдамж, төлөвлөгөөг хэлэлцэн баталж аймгийн ИТХ, салбар зөвлөлийн даргаас аяныг хэрэгжүүлэх байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Тус аяныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил хэвлэл мэдээллийн болон цахим орчин, олон нийтийн сүлжээг түлхүү ашиглан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах аж.

Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох, ан агнах, мод бэлтгэх, химийн хортой аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах зэрэг өргөн хүрээний асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийх, байгаль хамгааллын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх, хэвлэл мэдээллээр видео шторк зэрэг ажлыг хийхээр болжээ. 

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний цар тахлын үед аль болох олон хүнийг цуглуулахгүй байж үйл ажиллагаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулахаар тусгасан байна. 

Холбоотой мэдээ