Камчаткийн галт уулаас лаав урсаж эхэлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-04-21 13:07:55

ПЕТРОПАВЛОВСК-КАМЧАТК. /TASS/. Камчаткийн хойгийн Ключевской хэмээх галт уулаас сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа лаав буюу халуун хайлмаг урсжээ. 


Галт уулын тогооноос лаав урсаж байгаа зургийг “Sentinel-2” хиймэл дагуулын тусламжтайгаар авчээ. Халуун лаав нь 2.8 км урссан  байна. Урсгалын дунд болон доод хэсэгт их хэмжээний утаа гарч байгаа бөгөөд энэ нь лаав цас, мөстэй холилдсонтой холбоотой гэж "KVERT" хэмээх Камчаткийн галт уулсын талаар мэдээлдэг байгууллага мэдээлжээ.


Ключевской галт уул өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нээс идэвхжиж оргилж эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Галт уулын тогооны ирмэг нурсны улмаас лаав урсаж эхэлсэн гэж эрдэмтэд үзэж байна.


4750 метр өндөр уг галт уул нь Евразийн хамгийн өндөр, идэвхтэй галт уул юм. Ключевской галт уул Петропавловск-Камчатк хотоос 360 км зайтай газар оршдог бол түүнээс 47 км-ийн зайтай газарт Ключи, Козыревск тосгонууд байдаг ажээ. 

Холбоотой мэдээ