Хөдөөгийн гурван суманд халуун усны барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-17 17:53:59

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул суманд халуун усны барилга ашиглалтад орж улсын комисс хүлээн авчээ.

Завхан аймаг эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хөдөөгийн сумдад нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа. 2019 онд эхлүүлсэн халуун усны барилгын ажил дуусаж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. Тус барилга нь Тэлмэн, Цэцэн-Уул, Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчид, сумын иргэдэд зориулсан халуун усны барилга юм. Тухайлбал Тэс сумын халуун усны барилгын ажлыг “Ракки констракшн” ХХК 118 сая төгрөгийн санхүүжилтээр 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлсэн. Харин Тэлмэн, Цэцэн-Уул сумын халуун усны барилгын ажлыг “Боду” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Эдгээр халуун усанд сургуулийн дотуур байрны сурагчид үнэ төлбөргүй үйлчлүүлж, сумын иргэд тодорхой хэмжээний төлбөр төлж үйлчлүүлэх боломжтой юм. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин үеийн тус байгууламж нь зургаан өрөөтэй. Сургуулийн хүүхдүүдэд зориулсан гурван өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай тоноглол бүхий нэг өрөө, насанд хүрэгчдэд зориулсан хоёр өрөө бүхий зохион байгуулалттай юм.

 

Төслийн үр шимийг 12400 гаруй хүүхэд, иргэд хүртжээ

Завхан аймгийн Засаг дарга 2017 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ын хамтарсан “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл 2019-2021 онд тус аймагт хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд дээрх гурван сумын халуун усны барилгыг барьж ашиглалтад орууллаа.

Мөн тус төслийн хүрээнд Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Түдэвтэй, Яруу сумын Ерөнхий боловсролын сургууль, Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд сайжруулсан уламжлалт гэрэлтүүлэгтэй бие засах газрыг барьж байгуулсан. Түүнчлэн Нөмрөг суманд нийтийн халуун усны дэргэдэх гүн өрмийн худаг зэргийг барьж байгуулснаар төслийн дэмжлэгээр нийт 12.400 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулаад байгаа. Өөрөөр хэлбэл хөдөөгийн сумдын дээрх тооны хүүхэд, иргэд төслийн үр шимийг хүртээд буй юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ