Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн зургуудаас

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2020-04-20 10:45:40
"Ууланд" 1974 он.

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохио нь 1917 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төржээ. Тухайн үед Уянгын хүрээ нь уран сийлбэрч, уран хатгамалч, дархчуудаараа халх даяар зартай байсан бөгөөд одоо ч гэрийн мод, гэрийн тавилга хэрэгсэл хийдэг уламжлал нь хэвээрээ билээ.

А.Сэнгэцохио Уянга сумын гар үйлдвэрийн артельд мужаанаар /1936-1940 он/ ажлын гараагаа эхэлж, мужаан, гуталчин, цутгамалчин, мастер, Хилийн ба дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгад туслах, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт клубын эрхлэгч, Улсын төв музейд тайлбарлагчаар тус тус ажиллаж байв.

Улмаар Монголын урчуудын эвлэлийн хороонд 1962-1978 зураачаар ажиллах үедээ олон шилдэг бүтээл туурвиж, сийлбэр, оёмол, хатгамал, торгон зургийн эх загварыг зохион орчин үеийн Монголын дүрслэх урлагт монгол зураг, чимэглэх урлагийн бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Монгол зургийн аргыг бүтээлчээр баяжуулж, европын сонгодог зурагтай чадварлаг хослуулж чаддаг нь түүний уран бүтээлийн нэг онцлог юм. Түүний зураг алслалттай, өрнөдийн маягийн зохиомжтой, өнгө зохицсон сайхан шийдэлтэй хэмээн үнэлэгддэг билээ.