Төслийн хүрээнд 17 суманд 44 гүн өрмийн худаг гаргана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-17 10:27:05

Архангай /МОНЦАМЭ/. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт энэ сарын 15-ны өдөр ажиллаж, аймгийн удирлагуудтай уулзан төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын хэсгээс аймгийн удирлагуудад орон нутгийн оролцоо санхүүжилтийг холбогдох дансанд 05-р сарын 01-ний дотор төвлөрүүлэх, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу аль болох богино хугацаанд үр ашигтай зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэлийн хяналтыг сайтар хийж ажиллах талаар ярилцлаа.

2020 онд нийт 17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худаг, бог мал угаах 12 банн, бизнес инкубатор төв, малчдын сургалт мэдээллийн төвийг тохижуулах, мал үржлийн ажлыг дэмжих, ажлын байрны засварт нийт 1404,5 сая төгрөгийн ажлыг орон нутгийн 30 хувийн оролцоотойгоор хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төсөл 2018 оноос Архангай аймгийн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан суманд хэрэгжиж эхэлсэн. Төслийн бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь, зах зээлийн хөгжил гэсэн 2 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд аймагт 700 гаруй өрхийг хамруулсан 22 бэлчээр ашиглах малчдын бүлэг, санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй 429 иргэнийг хамруулсан 51 эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг зохион байгуулан ажилласан байна. Малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүдэд хөрөнгө оруулалтын ажлаас гадна бүлгийн гишүүдийг чадвахжуулах зорилгоор тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан технолгийн  сургалтуудыг  явуулж ажиллажээ.

Мөн 2019 онд 3 суманд бог мал угаах суурин банн 10, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 6, өвс тэжээлийн агуулах, саравч нэг, үлийн цагаан огтоно устгах төхөөрөмж 15, 2 суманд эмэгтэйчүүдийн бүлэгт зориулсан ажлын байрыг засварлаж мөн малчдын сургалт мэдээллийн 1 төвийг тохижуулж, нийт 428,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Мөн гурван сумын мал сүргийг эрсдэлээс хамгаалах санд 60,0 сая төгрөг төвлөрүүлж, гурван суманд 128.2 сая төгрөгөөр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийж өгчээ. 

 

Холбоотой мэдээ