Хэнтий аймгийн ИТХ-ыг цахимаар зохион байгуулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-04-06 19:44:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн ИТХ-ын 13 дугаар хуралдааныг энэ сарын найманд цахим хэлбэрээр явуулж, таван асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Мөн тэргүүлэгчид хэд хэдэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал, аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналын тухай, менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай, "Хэнтий-Ус" ХХК-ийн тайланг тус тус хэлэлцэв. Түүнчлэн Тосон Хулстайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимын тухай, аймгийн хэмжээний усан сан бүхий газрын энгийн болон тусгай хамгаалалтын бүс тогтоох асуудалтай танилцаж, ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

ИТХ-ын ажлын албанаас мэдээлснээр УИХ-ын сонгуулийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар нэрсийг СЕХ-нд хүргүүлжээ. СЕХ нь дөрөвдүгээр сарын 15-ны дотор тус хороог байгуулж, нийтэд мэдээлэх хуультай юм байна.

Мөн Хэрлэн голд хууль бусаар загас агнах явдлыг таслан зогсоох, зарим урсацын дагуух газруудад загас барихыг хориглох, зүй зохистой барих, загас хамгаалах ажлыг зохион байгуулах зорилгоор Хэрлэн голын загасны менежментийн төлөвлөгөөг дэмжиж БОАЖЯ-нд хүргүүлсэн аж.

Холбоотой мэдээ