Коронавирусний дэгдэлт ихтэй Итали, Испанид нас баралтын тоо буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-06 12:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын голомт болоод буй Итали, Испанид өчигдрийн байдлаар нас баралтын тоо буурчээ.


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр танилцуулсан юм.

Шинэ коронавируст халдвар дэлхийн 211 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхийн хэмжээнд 1 272 860 хүн халдварлаж, 69 204 хүн нас баржээ.

Итали улсад өчигдөр 525 нас баралт бүртгэгдсэн нь 3 дугаар сарын 19-нөөс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Испани улсад шинээр 674 нас баралт бүртгэгдэж сүүлийн 10 өдрийн  хамгийн бага үзүүлэлт боллоо хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Испанид шинэ халдварын тоо 4.8 хувиар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 130 мянга гаруй болжээ.

ОХУ-д өчигдөр шинэ халдварын тоо 658-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 5389 болжээ. Халдвар авсан хүний ихэнх хувийг 45-аас доош насныхан эзэлж байна.

Токио хотод “COVID-19” халдвар авсан хүний тоо нэмэгдэж сүүлийн хоёр өдөр дараалан 100 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тус улсын 44 мужид халдвар гарсан бөгөөд шинж тэмдэггүй халдварын тохиолдол их байгаа аж.

АНУ-д 324 мянган хүн халдвар авснаас 9200 гаруй нас баралт бүртгэгджээ. Үүний 122 мянга гаруй нь Нью-Йорк хотод бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ