Зэсийн үнэ унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-02 16:24:54

МАДРИД. /Focus Economics/. COVID-19” халдварын улмаас энэ оны гуравдугаар сард зэсийн дундаж үнэ 2016 оны долдугаар сараас хойших хамгийн бага хэмжээнд хүрчээ. Нэг тонн зэсийн дундаж үнэ өнгөрсөн сард 5183 ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард 5688 ам.доллар байсан юм. Мөн уг үнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар буурчээ.


Улс орнуудын Засгийн газрууд “COVID-19” халдварын тархалтыг зогсоох үүднээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор түүхий эдийн эрэлт буурсан нь зэсийн үнэд нөлөөлжээ. Хэдийгээр зэс олборлогч томоохон компани болох “Codelco” олборлолтоо бууруулахаас татгалзсан боловч гуравдугаар сарын 25-нд 8 тэрбум ам.долларын өртөг бүхий гурван төслөө зогсоожээ. Зэсийн үнэ унасан нь Чилийн зэс олборлогч компанийн хэтийн төлвийг тодорхойгүй байдалд оруулсан байна. “Codelco” компанийн ашиг өнгөрсөн онд худалдааны дайны улмаас 17 хувиар буурсан юм.


COVID-19” халдварын тархалт хязгаарлагдвал зэсийн үнэ энэ оны урьдчилсан таамаглалдаа хүрэх төлөвтэй байна. Мөн Хятадын зэсийн эрэлт ирэх саруудад сэргэх төлөвтэй байгаа ажээ. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг хэвийн нөхцөл байдалдаа эргэн орох хүртэл үнэ тогтворжих магадлал бага байна. Түүнчлэн цаашид цахилгаан тээврийн хэрэгсэл, ногоон эрчим хүчний төсөл зэрэг шинэ технологид зэсийн эрэлт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ олборлолт хязгаарлагдмал байгаа тул зэсийн үнийн хэтийн төлөв гэрэл гэгээтэй харагдаж байна.


Focus Economics” байгууллагын мэргэжилтнүүд 2020 оны дөрөвдүгээр улиралд нэг тонн зэсийн үнэ 6073 ам.доллар, 2021 оны дөрөвдүгээр улиралд 6260 ам.долларт хүрнэ хэмээн урьдчилан таамаглажээ. 

Холбоотой мэдээ