Хамгийн сүүлд авсан 7 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-31 11:28:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д хамгийн сүүлд буюу энэ сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар буюу эмнэлэгт буй уушгины хатгалгаатай хүмүүсээс сорьц цуглуулж шинжлэх хүрээнд 12 хүнээс авсан шинжилгээнээс коронавирус илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр онцлов.

Тэрбээр мөн эмнэлэгт байгаа халдвартай иргэд болон франц иргэнд зориулж монголчуудын ирүүлсэн захидлуудаас танилцуулсан юм. Тус захидлуудад, “Монгол хүний эрүүл мэндэд анхаарч эх орондоо авчран эмчлээд, эдгээж байгаад баяр хүргэе, энэ бол төр засгийн зөв шийдвэр юм. Гадаадад байгаа гар мухардсан иргэдээ ах дүүтэй нь ийнхүү ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь Монгол Улсын төр засгийн гавьяа. Цөөхөн монголчуудын маань нэг учир халдвартай иргэд маань эх орондоо ирэх ёстой, тэгж хүний газар байх ёсгүй" гэх мэтээр олон монгол иргэн бичжээ.

Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Бие биедээ сайхан сэтгэлээр дэм өгнө гэдэг бол эмчилгээ үр дүнд хүрэх 50 хувийн нөлөөтэй байдаг. Бие биенээ битгий муулаач ээ, харин намайг муулаачээ гээд коронавирус сануулж байна” хэмээн мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглэв.



Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Харин халдвартай 10 иргэний биеийн байдал хэвийн байгаа аж.


Холбоотой мэдээ