Ховд-Улаанбаатар чиглэлд хурд сааруулагч тавих санал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 13:29:42

Ховд аймгийн Прокурорын газраас 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналтын харьяа 11 суманд ажилласан байна.

 Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Дөргөн, Ховд, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Дуут сумын ард иргэд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, малчид зэрэг нийт 753 хүнд аймгийн Прокурорын газраас 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, Ховд аймгийн 2015 оны эрүүгийн нөхцөл байдал, тухайн суманд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, Монгол Улсын Их хурлаас шинээр батлан гаргасан Эрүүгийн хууль/шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулиудын талаар аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн биечлэн мэдээлэл хийжээ.

Яриа таниулгад оролцсон ард иргэдээс “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” зэрэг гэмт хэргүүд зонхилон гарч буй газарт камерь байрлуулж, хяналтыг сайжруулах, Ховд-Улаанбаатар чиглэлийн засмал замын зарим хэсэгт Замын цагдаагийн пост ажиллуулах, хурд сааруулагч тавих зэрэг саналуудыг гаргажээ.

Түүнчлэн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус зөвлөлийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, хэсгийн төлөөлөгчөөс захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу явуулж, заавар журмын дагуу бүртгэл судалгааг хөтөлж буй эсэх, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагаа болон эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа байдал, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, ял хойшлогдсон, тэнсэж харгалзсан ялтанд хяналт тавих ажиллагаа хууль журмаар тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг тус тус шалгажээ.

Шалгалтаар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус зөвлөлөөс төлөвлөгөөт ажлыг хэзээ, ямар байдлаар хийж гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийгээгүй, төлөвлөгөөнд хэрэгжих боломжтой, оновчтой, цомхон асуудлуудыг тусгаагүй, төлөвлөгөөт ажлын материалжуулалт хангалтгүй, төлөвлөгөөний биелэлтийг тухай бүр нь тооцож, хаалт хийгээгүй, хэсгийн төлөөлөгчийн үндсэн ажил үүрэгт хамааралтай асуудлыг тусгасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн ба учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа эсэхийг тодруулахад ажил зохион байгуулахад хөрөнгө, мөнгөний санхүүжилт байхгүй хэмээн тайлбарласан байна.

Сумдад ажиллах явцад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий 8 төрлийн 1100 ширхэг брошюрыг сумдын ард иргэдэд тарааж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус салбар зөвлөл, хэсгийн төлөөлөгч нарт ажил сайжруулах талаар зөвлөмж өгч, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус салбар зөвлөлд “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулах”-аар прокурорын мэдэгдэл хүргүүлж, биелэлтэнд нь хяналт тавин ажиллахаар шийдвэрлэжээ.  

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ