Аймгийн Онцгой комисс хуралдав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-25 10:21:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс энэ сарын 24-нд хуралдаж, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлууд, өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Хурлын үеэр МХГ, Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын төв, ОБГ, ЭМГ зэрэг холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, зарим асуудлуудын хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. 

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 30-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг хориглосон.

Аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ хугацаанд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан байна. Мөн нийгмийн сүлжээнд иргэдийн хандлага нэлээд эерэг байгаа аж.

Хэдийгээр эерэг сайн үр дүн байгаа ч хатуу хориглосноор гар дээрээс хувийн үйлдвэрийн болон баталгаагүй архи согтууруулах ундаа нууцаар борлуулах байдал ихэсч болзошгүй байгаа юм. Архи, согтууруулах ундаа борлуулахыг түр зогсоох шийдвэр гарсан 15 хоногийн хугацаанд гар дээрээс борлуулах гэсэн хоёр аж ахуйн нэгж, нэг иргэнийг зөрчлийн хуулиар шийтгэх арга хэмжээ авсан байна.

Найман нэрийн барааны хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллагаас энэ шийдвэрийг цуцлуулах санал ирсэн хэдий ч Онцгой комиссын хурлаас тус шийдвэрийн дуусах хугацааг хэвээр үлдээж, харин ирэх сарын нэгнээс нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргахаар боллоо.

Мөн тус хуралдаанаар тусгаарлах, ажиглах байрны хэрэгцээнд шаардлагатай эм, эмнэлгийн материалын зардлыг шийдвэрлэж,  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор хүүхдийн хөл, хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн газраар явуулахгүй байх талаар сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг хяналт, эргүүлээр ажиллуулах үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг даргын А/83 тоот захиармжийн дагуу гудамж талбайд ариутгал, хадваргүйтгэл хийхэд шаардлагатай хүн хүч, машин техник, гарах зардлыг судалж бодитой нарийвчлан гаргаж, дахиж танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. 

Холбоотой мэдээ