Хэнтийн нэгдсэн эмнэлэг учирч болзошгүй эрсдэлд бэлэн үү?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-21 16:32:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Зоригтбаатар тус аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвар хамгаалалт, орны бэлэн байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хэр байгааг газар дээр нь шалгалаа.

 

Тус аймгийн нэгдсэн эмнэлэг 2016 онд эмнэлгийн норм стандартын дагуу баригдсан шинэ барилгад орсон учир тусгаарлалтын өрөө болон бусад зохицуулалтыг хийхэд хүндрэл харьцангүй бага байгааг эмнэлгийн удирдлагууд хэлж байна.

Нэгдсэн эмнэлгийн “Хүлээн авах 2-р” тасгийг нээж, бэлтгэл бэлэн байдлыг хангажээ. Хэрэв халдвартай өвчтөн ирвэл гаднаас орох боломжтой байдлаар өрөөг тохижуулж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л техник хэрэгслээр хангасан байна. Мөн сэжигтэй тохиолдол гарсан үед хавьтлыг тусгаарлах өрөөг нээж, найман ор байрлуулжээ. Тус өрөөнд халдвар хамгааллын бүхий л хэрэгслүүд байх ба сувилагч, эмч нар үзлэг шинжилгээ, асаргааг хийхэд зориулсан халдвар хамгааллын иж бүрэн хувцсыг байрлуулсан байна. Эмч сувилагч, үйлчлэгчид халдвар хамгааллын дадлага хичээлд 2-3 удаа хамрагдаж, эрсдэлт нөхцөлд хэрхэн ажиллах талаар суралцаж, дадлага ажлыг өдөр бүр хийж хэвшжээ. Тусгаарлах өрөөний стандарт, аюулгүй ажиллагаа сайн хангагдсан байгааг МХГ-аас сайшааж байв. Одоогийн байдлаар тус эмнэлэгт нэг удаагийн амны хаалтны нөөц 6500, хамгаалах комбинзон 250 ширхэг нөөцтэй байгаа аж. Уг хамгаалалтын хувцсыг өмсөх, тайлах дадлага ажлыг тэд өдөр бүр хийж байна.

Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн байрнаас Сүрьеэгийн тасгийг нүүлгэснээр өрөөнүүд суларч зориулалтын дагуу ашиглахад бэлэн болгожээ. Халдвартын тасаг нь стандарт нормын дагуу баригдсан учир өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан нийт 50 ор дэлгэж, ногоон, шар, улаан бүсэд хуваан, ногоон бүсэд эмч эмнэлгийн ажилчдын амрах өрөө, сургалтын өрөө, улаан бүсийн халдвартай өвчтөн тусгаарлах өрөөнүүдэд хоёр, зарим өрөөнд дөрөв хүртэл өвчтөнг тусгаарлах орнуудыг бэлтгэж, өрөө бүрт хүчилтөрөгч монитор байрлуулж бэлтгэсэн байна.

Халдвартын тасагт 17 эмч ажилчид ажилладаг ч шаардлагатай тоног төхөөрөмж, вирусний эсрэг эм тариа дутагдалтай байна. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, кварцын гэрлүүд нэн шаардлагатай байгаа ажээ. 

Холбоотой мэдээ