Монголд амьдардаг хятад иргэд "COVID-19"-тэй тэмцэхэд 126 сая төгрөг хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-19 16:01:25
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс Монгол Улсад "COVID-19" халдварын эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож 126 сая 730 мянган төгрөг хандивлалаа.


Хандив гардуулах ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.


Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан Монголын талд гардуулан өгч байна гэв.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэлээ.



Холбоотой мэдээ