Ё.Сүга: Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулахаар зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-03-17 13:55:16

ТОКИО. /NHK/. Япон улс Токиогийн Олимп, Паралимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бэлтгэл ажлаа үргэлжлүүлнэ гэж тус улсын Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга мэдээлжээ.


“Их 7”-гийн удирдагчид шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах чиглэлд хамтран ажиллах талаар өнөө өглөө цахимаар хуралдсаны дараа Ё.Сүга сэтгүүлчдэд ийнхүү мэдээлсэн байна. Ерөнхий сайд Абэ Шинзо бусад удирдагчид хандан, Япон улс Олимп, Паралимпын наадмыг бүрэн төгс зохион байгуулна гэж хэлжээ. Уг уулзалтын үеэр удирдагчид Олимпын наадмыг хойшлуулах талаар дурдаагүй гэдгийг Ё.Сүга онцолсон байна. 


Японы Засгийн газар Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бэлтгэл ажлаа үргэлжлүүлж, Олон улсын олимпын хороо, Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо, Токиогийн засаг захиргаатай нягт хамтран ажиллана гэж Сайд нарын танхимын дарга нэмж хэлжээ. Түүний хэлснээр, Олимпын галт бамбарын Япон дахь буухиа урьдчилан төлөвлөсний дагуу Фүкүшима мужаас энэ сарын 26-нд эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ