Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-17 12:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар доогуур /0-200 оноотой/ үнэлгээтэй 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна.


Өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт урьдчилан сэргийлэх багцыг хүлээлгэн өгөв. Энэ ажлыг нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлэх юм.


Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтсан байна.


Уг ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулах бөгөөд хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс тус тус ажиллана. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгох юм хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ