Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-16 14:22:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/134 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд хориглосон. Энэ захирамж өнөөдөр бүтэн үйлчлэх ба маргаашнаас хорио тавигдах юм.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 17-ноос архи согтууруулах ундааг богиносгосон буюу 16.00 цаг хүртэл худалдаж цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Энэхүү захирамжийг Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй 218 аж ахуйн нэгж, дэлгүүрүүдэд хүргүүлж, 4 сумын 22 цэгийн 7600 ширхэг архи согтууруулах ундааг лацадсан байна.

Өнөөдрийн байдлаар сумдад болоод аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд ямар нэг зөрчил илрээгүй байна.

Мөн тусгай зөвшөөрөлтэй, хууль бусаар согтууруулах ундаа зарж борлуулж болзошгүй цэгийг судалгаанд авч, хяналт тавьж ажиллаж байна. Зөрчил илэрсэн аж ахуй нэгж, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэх юм.

Зөрчлийн тухай хуулийн 6.5.15-д “аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Холбоотой мэдээ