Тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-10 17:37:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын энэ өдрийн 17.00 цагийн ээлжит мэдээллийг Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч, аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү өглөө.

Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох тухай” 5 дугаар тогтоол гараад байна. Монгол Улсад короновирусний халдварын анхны батлагдсан тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 3 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр зогсоолоо. Үүнтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ.

Иймд Сэлэнгэчүүд та бүхэн дор бүрнээ хариуцлагаа өндөржүүлж, улсын Онцгой комиссын шийдвэрийг биелүүлэн хүндэтгэх шалтгаангүй бол хол, ойрын зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг онцгойлон анхааруулъя. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хяналтад түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.

Алтанбулаг боомтоор 192 тээврийн хэрэгслээр 348 монгол, 58 гадаад нийт 406 зорчигч орсон. Үүнээс 406 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орсон нийт зорчигчид зөвлөмж өгч ажиллалаа. Гарах чиглэлд 206 тээврийн хэрэгслээр 404 монгол, 69 гадаад нийт 473 зорчигч гарсан. Гарсан нийт зорчигчид зөвлөмж сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатарын 306-р галт тэрэг Монгол Улсын 26, бусад орны 26 нийт 52 зорчигчтой орж ирсэн. Үүнээс Дархан-Уул аймагт таван монгол иргэнийг тусгаарлан оношлохоор, 20 монгол иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Үлдсэн 26 гадаад, нэг монгол нийт 27 иргэнийг Алтанбулаг суманд тусгаарлан ажиглах арга хэмжээг аваад байна. Гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно. 

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдалтай танилцахаар 3 дугаар сарын 08-ны өдөр ЭМЯ, ДЭМБ, MХЕГ, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажилласан. Эдгээр хүмүүс Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүдэд “Халдварын шинж тэмдгийг таних”, “Халдвар дамжих зам”, “Эрэмбэлэн ангилах, тусгаарлах” зэрэг сэдвээр богино хэмжээний сургалт зохион байгуулсан аж. Энэхүү сургалт, уулзалтад оролцсон хүмүүсийг улсын Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу гэрт нь ажиглалтад тусгаарлаад байна

Холбоотой мэдээ