Өвчлөл бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн нэг иргэнийг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-07 13:51:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Оргил 12.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор орох чиглэлд 238 тээврийн хэрэгслээр 490 монгол, 62 гадаад нийт 552 зорчигч нэвтэрсэн байна. 552 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Мөн боомтоор 243 тээврийн хэрэгслээр 454 монгол, 70 гадаад нийт 524 зорчигч гарчээ. Харин Сүхбаатар боомтоор орох чиглэлд 306 дугаар галт тэрэг 30 зорчигчтойгоор 22 цаг 30 минутад Сүхбаатар өртөөн дээр ирсэн байна. Үүнд монгол 12, гадаад улсын 18 иргэн зорчиж байсан бөгөөд тэдний халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн Япон улсаас дамжин орж ирсэн Монгол Улсын нэг иргэн байсан тул ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ.  

Сүхбаатар боомтоор гарах чиглэлд 05 дугаар галт тэрэг монгол 40, гадаадын 7 зорчигчтойгоор явлаа. Эрүүл мэндийн асуудалтай зорчигч илрээгүй байна. Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн авто замын Шаамар сумын Дулаанхааны дөрвөн зам, Баянгол, Сайхан сумын хяналтын цэгээр 3 дугаар сарын 07-ны өдрийн 08.00 цагийн байдлаар гарах чиглэлд 158 тээврийн хэрэгсэл, 514 зорчигч, орох чиглэлд 84 тээврийн хэрэгсэл 278 зорчигч нэвтэрч, нийт 346 зорчигчид асуумжийн хуудас олгож, бүртгэл хөтлөн нэвтрүүлжээ.

Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 118, суудлын 33, автобус 11, нийт 162 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 295 зорчигчид зөвлөмж өгсөн байна.

 

Холбоотой мэдээ