Эдийн засагт "COVID-19"-ийн үзүүлж буй эрсдэлийг бууруулах үүрэг өгсөн долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-07 14:34:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Хот, тосгоны зөвлөлийн сонгуульд улс төрийн нам оролцохыг хориглоно


УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Тиймээс 7 бүлэг, 83 зүйл бүхий Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй юм. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын баг энэ сарын 3-нд хуралдав.


Хуулийн гол зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх болон бусад харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан байна.


Тухайлбал, одоогийн байдлаар хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шилжүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд (орон нутгийн корпораци) мөн. Харин тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан суурин газар (орон нутгийн корпораци) мөн гэж төсөлд тусгасан. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам оролцохгүй бөгөөд тосгонд 100-гаас доошгүй, хотод 500-гаас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан талаар танилцуулгадаа дурдав.  


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар саналаа хэллээ. УИХ-ын гишүүд эдэлбэр газар, хилийн цэс, хот, тосгоны хүн амын тоо, хөгжлийн төлөвлөлт, засаг захиргааны нэгж, хот тосгоны удирдлагын асуудлыг нягталж, нарийвчлан тусгах шаардлагатай байгааг онцолж байв.


“Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр” батлав



Засгийн газрын энэ сарын 4-ний ээлжит хуралдаанаар “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр” батлав. Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт тааруу, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга, тоног төхөөрөмж муудсан зэрэг нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, тав тухтай орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Асруулж байгаа ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг 2014 оноос хойш шинэчлэлгүй өнөөг хүрчээ. Ахмадуудын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бусад зүйлийг худалдан авах, хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилт олгохдоо сонгон шалгаруулалт явуулдгаас хугацаа алдаж, энэ хэрээр асрамжийн газруудын үйлчилгээ доголдоход хүрдэг байна. Мөн асруулж буй ахмадууд II, III шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй тул Эрүүл мэндийн даатгалын ач тусыг бараг хүртдэггүй аж. Асрамжийн газруудын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин бага, нийгмийн баталгаагүй зэргээс болж тогтвортой ажиллах хүнгүй болжээ. Иймээс хууль, эрх зүйн орчин, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар зэргийг цогцоор нь сайжруулахын тулд дээрх хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж.


Ч.Улаан: Хүнсний буудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлнө


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв. 



Тэрбээр, “Шинэ төрлийн коронавирус /COVID19/ дэлхий даяар хурдацтай тархаж байгаа энэ үед манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим экспорт, импортын харилцаагаа хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, манай улс өөрсдийн нөөцөөр хүнсний хэрэгцээгээ хангах шаардлага тулгарсан. Энэ нөхцөлд иргэддээ үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, үнийн хөөрөгдөлгүй хангах асуудал Засгийн газрын анхаарлыг татаж байна. Мах, гурилын хувьд, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Харин 100 хувийн импортоор авдаг бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг нэмэх зорилгоор, дээрх нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнийг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлнө” хэмээв.


УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг батлах хүртэл хүнсний бүтээгдэхүүн импортлогчид татвараа төлөхгүй байх аж. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөх хүртэлх хугацааны татварыг нь мөн чөлөөлж байгаа юм. “Тухайлбал, Монгол Улсын хүн ам жилд 225 мянган тонн гурил хэрэглэдэг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 300 мянган тонн буудай хэрэгтэй. 2019 оны ургацаас гурилын үйлдвэрт 247 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Тиймээс 60 мянган тонн улаан буудайг импортоор авах хэрэгцээ шаардлагатай болно” хэмээн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэмдэглэв.


Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.


М.П.Сингх: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс авах боломжтой



Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газрын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  М.П.Сингхтэй  энэ сарын 4-нд уулзлаа. Уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар энэ оны тавдугаар сард манай улсад айлчлах бэлтгэл ажил, Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломжуудын талаар ярилцлаа. Мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөв.


БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч ажлын баг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээврийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Элчин сайдад илэрхийллээ. Цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж бий. Учир нь 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээр”-т манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг.

Энэтхэгийн Засгийн газар Монголын коксжих нүүрсний чанарын шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг Элчин сайд М.П.Сингх албан ёсоор илэрхийлсэн. Тус улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байна гэсэн юм.


Монгол, Энэтхэг улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаа гээд соёл, боловсролын салбарын шилдэг 65 залууг харилцан солилцож туршлага судлуулах саналыг Энэтхэгийн талд гаргаж байгаагаа Сайд  Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.


Монгол Улсын эдийн засагт "COVID-19"-ийн үзүүлж буй эрсдэлийг бууруулахыг үүрэг болгов



УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, УИХ-ын байнгын хороодын дарга нартай уулзаж, "COVID-19" Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах үүргийг энэ сарын 5-нд өглөө. Тухайлбал, Мөнгөний бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахыг Монголбанканд даалгав. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даалгасан юм.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний улмаас төрийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд хүргэх хороо, комиссууд хуралдахгүй байгаа. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг МҮХАҮТ-ын төлөөлөгч уулзалтын үеэр хэллээ. Тиймээс төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжихэд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх эсэхийг тодрууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах МҮХАҮТ-ын саналыг судална. Энэ нь эдийн засгаа дэмжих нэг арга юм" гэв.


БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг байна. Тухайлбал, 2011-2012 онд БНХАУ-ын эдийн засаг 1.4 хувиар буурахад Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байжээ. "COVID-19"-ийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна. (Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу)


Тавантолгойн дэд бүтэцтэй холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмжийг нууцаас гаргах санал хүргүүлэв


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг нууцаас гаргах саналыг тус зөвлөлийн Нарийн бичгийн даргад хүргүүлж буйгаа энэ сарын 5-нд мэдээлэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувьд IPO хийхтэй холбоотой УИХ болон Засгийн газрын 2018 оны тогтоолыг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.


Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал ярьсны нэг нь IPO хийх. ҮАБЗ-ийн 2018 оны дээрх зөвлөмжийг үндэслэн УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт ирүүлсэн одоогоор хэрэгжүүлээгүй. Энэ ажил судалгааны түвшинд явж байгаа. IPO гаргах нь зөв. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас үүдэн энэ ажил үргэлжлэхгүй ч байж мэднэ. ҮАБЗ-ийн дээрх зөвлөмж ил болсны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд зөвлөмжийг хэрэгжүүлэхээс татгалзах асуудлыг хөндөнө. Үүний улмаас Тавантолгойн дэд бүтцийн ажил зогсож болзошгүй. Зөвлөмж ил болсны дараа бүх зүйл тодорхой болох юм. Өнөөгийн Засгийн газар хууль зөрчсөн нэг ч алхам хийхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” хэмээв.


Мөн тэрбээр, Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой байдлын хугацаа дуусч байгааг онцлов. Тус үйлдвэрт хийсэн Сангийн яам болон хууль, хяналтын байгууллагын шалгалт, илэрсэн зөрчлийн талаар онцгой байдлын хугацаа дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм. 


Анхаарлаа сулруулалгүй, коронавирусээс сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг зөвлөжээ


УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг энэ сарын 6-нд хүлээн авч уулзлаа.


Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй "COVID-19"-ийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр байгааг хэлээд, "Дэлхийн зарим улс оронд коронавирус дэгдэлтийн шатандаа байна. Ийм үед бүх арга, хэрэгсээ дайчилж, хатуу хязгаарлалт хийх нь зөв. Монгол Улс урьдчилан сэргийлэх хамгаалалт, хязгаарлалтын арга хэмжээг эртнээс авч, зөв ажиллаж байгаа нь сайшаалтай. Одоогоор энэхүү халдварт өвчнийг эмчлэх хэд хэдэн төрлийн эм хэрэглэж байгаа ч вакциныг гаргаж авч чадаагүй байна. Судлаач, мэргэжилтнүүд вакциныг 2021 онд л гаргаж авах байх гэж таамаглаж байгаа. Тиймээс анхаарлаа сулруулалгүй, сэргийлэх, хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн сайн хэрэгжүүлэх хэрэгтэй" хэмээн зөвлөв.


ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн аж. Ноён Флориан Хауке дэлхийн стандартын зөвлөгөөг Монголын иргэд, мэргэжлийн байгууллагуудад өгч байгаа талаар танилцуулав. Эдний багийн мэргэжилтнүүд энэ сарын 12 хүртэл ажиллах бөгөөд Улаанбаатар хотоос гадна аймаг, сумдад очиж мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар вирусний халдварын аюул түгшээсэн амаргүй цаг үед бидэнтэй хамт байж, сэргийлэх, хамгаалахад анхаарч буй ДЭМБ болон ХБНГУ-ын ASB байгууллагын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв. Тэрбээр ДЭМБ, ASB байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлыг УИХ дэмжих болно гэв.

Холбоотой мэдээ