Коронавирусний улмаас хүмүүсийн хамгийн их нөөцөлж буй бараа бүтээгдэхүүнүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-06 15:00:03

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний дэгдэлтийн улмаас хүн бүхэн халдвараас өөрийгөө хэрхэн яаж хамгаалах талаар бодож байна. Хамгийн үр дүнтэй арга бол хүмүүстэй ойр хавьтахаас аль болох зайлсхийх. Илүү үр дүнтэй арга гэвэл гэрээсээ гарахгүй байх. Үүнтэй холбоотойгоор олон хүн нөхцөл байдал илүү дордохвий хэмээн болгоомжилж шаардлагатай зүйлсээ нөөцөлж эхэлсэн байна.


Хүмүүсийн энэ үйлдэл нь ямар бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, юуны хомсдол үүсэхэд хүргэх вэ? 


Амны хаалтууд

Амны хаалт вирусээс хамгаалж чадахгүй байна хэмээн эмч нар мэдэгдээд байгаа хэдий ч энэ барааны эрэлт хэрэгцээ эрс нэмэгджээ. Эмийн сангууд болон дэлгүүрүүдэд тэр байтугай “Амазон”-д тус бараа тасалдаад байна. 


“Ард иргэд амны хаалтыг алтны араас хөөцөлдөж буй мэт эрэлхийлж байна” хэмээн Бразилын амны хаалт үйлдвэрлэгч компанийн тэргүүн Мигель Луис Рейтер мэдэгджээ. Түүний үйлдвэр амны хаалтны үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлжээ.


Тэр болгон тасраад байдаггүй энэ барааг хэд хэдэн улсын эрх баригчид эмнэлгийн ажилтнууддаа зориулж нөөцлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Эмнэлгийн ажилтнууд бол халдвар авах өндөр магадлалтай хүмүүс юм.


Халдварт өвчинтэй тэмцэхийн тулд дэлхийн хэмжээнд эмч сувилагч нарт 8 сая ширхэг амны хаалт шаардлагата байгаагаас гадна 76 сая хос резинэн бээлий, 1.6 сая хамгаалалтын шил шаардлагатай байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 


Эдгээр нэн шаардлагатай зүйлс хүрэхгүй бол эмч, сувилагч нарт аюул учирч магадгүй хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус болгоомжилж байна.


Халдвар авсан болон халдварын улмаас нас барсан хүний тоогоор Хятадын араас жагсаж буй БНСУ амны хаалтныхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авжээ.  Тэнд амны хаалтыг хилийн чанадад нийлүүлэхийг хориглосон байна. Түүнээс гадна худалдан авагч бүр долоо хоногт хоёроос илүү амны хаалт авах боломжгүй аж.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хомсдол үүсээд буйд ард иргэдээсээ хүлцэл өчиж, стратегийн нөөц бий болгохоо амлажээ. 


"Хэрэглэх шаардлагагүй болсон бүх амны хаалтыг улс авах учир үйлдвэрлэгчид илүүдэл гарахвий гэж санаа зовохгүйгээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлж болно" хэмээн тэрбээр ярьжээ. 


Тайландад эмийн сангуудад амны хаалтны хомсдол үүссэн нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар үнэхээр амны хаалтыг их хэмжээгээр нь экспортолж, хар захад өндөр үнээр борлуулсан эсэхийг олж илрүүлэх зорилготой байгуулсан байна.


Харин Францын Ерөнхийлөгч мэдэгдэхдээ, юуны түрүүнд эмнэлгийн ажилтнууд, коронавирусээр халдварласан хүмүүсээ амны хаалтаар хангахын тулд үйлдвэрлэл, хуваарилалтад хяналт тавина гэжээ.


ОХУ-ын Засгийн газар 6 дугаар сарын 1 хүртэл амны хаалт болон шаардлагатай байгаа хамгаалалтын бусад хэрэгслийн экспортод хориг тавьсан тухайгаа мэдэгджээ.



Гар халдваргүйжүүлэгч

Францад гар халдваргүйжүүлэгчийн үнэ сүүлийн өдрүүдэд амны хаалтны үнэтэй адил 2-3 дахин нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 


“Үнийг дур мэдэн нэмэгдүүлсээр байвал би өөрөө үнэ тогтоох заавар өгөхөд бэлэн байна” хэмээн Францын Сангийн сайд Бруно Ле Мер “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Пакистанд ч мөн эрх баригчид үүнтэй ижил болгоомжилсон арга хэмжээг авч байна.


"Үл таних зарим бизнес эрхлэгчид хуурамч хомсдол үүсгэх зорилгоор гар халдваргүйжүүлэгч болон амны хаалтыг олноор нь нууж байна" хэмээн Ираны Эрүүл мэндийн сайд Саид Намаки ярьжээ. 


ОХУ-д хоёрдугаар сард гал халдваргүйжүүлэгч болон саван, нойтон салфетикний эрэлт хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн байна.



Ариун цэврийн цаас

Гэртээ тусгаарлагдаж, гэрээсээ ажил хичээлээ хийх үзэгдэл түгээмэл болохын хэрээр хүмүүс үндсэн хэрэгцээнийхээ удаан хадгалагддаг бараа бүтээгдэхүүнүүдийг нөөцөлж эхэлжээ. Тухайлбал, Сингапур, Хонконг, Японд ариун цэврийн цаасны хомсдол үүсээд байна.


Австралид дэлгүүрийн лангуунуудаас ариун цэврийн цаас хэдхэн минутын дотор дуусаж байна. Үүнээс гадна хүүхдийн живх, урт хугацаанд хадгалах боломжтой сүүний эрэлт эрс нэмэгджээ. 



Хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд урт дараалал үүсжээ

Өнгөрсөн онд Их Британичуудын 45 хувь нь хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг ашигласан бол одоогийн байдлаар энэ үйлчилгээний эрэлт огцом нэмэгдээд байна. Үүний улмаас хүргэлтийн үйлчилгээг авахад хэдэн өдөр шаардлагатай болоод байгаа гэнэ.


Агуулахуудад хүнсний бүтээгдэхүүн хангалттай байгаа учир сандрах хэрэг байхгүй хэмээн хүнсний дэлгүүрүүдийн менежерүүд үзэж байна. Гэсэн хэдий ч гэртээ хүргүүлэхийг хүсвэл хүлээхээс өөр аргагүй хэмээн тэд ярьжээ. 


Эм бэлдмэлүүд

Эмийн бүтээгдэхүүний зах зээл нийлүүлэлтийн хэлхээний доголдолтой учирч болзошгүй учир тогтмол уудаг эмүүдийнхээ жорыг бичүүлж, эртнээс нөөцлөх хэрэгтэйг зарим эмч өвчтөнүүддээ зөвлөж байна.


Энэтхэг нийтээр хэрэглэгддэг 20 төрлийн эм бэлдмэлийн экспортыг хязгаарласан юм. Эдгээр эм бэлдмэлүүдийн дунд халуун бууруулж, өвчин намдаахад хамгийн их хэрэглэгддэг парацетамол орсон байжээ.


Кени болон Нигерт эм бэлдмэлийн хомсдол үүсэж болзошгүй байна. “Daily Nation” сонины мэдээлснээр, Энэтхэгээс нийлүүлэх эм бэлдмэлүүдийн экспортыг хязгаарласан тухай мэдээлэл гарсны дараа эмийн сангууд дахь зарим эм бэлдмэлийн үнэ гурав дахин нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ