Усан хангамжийг нэмэгдүүлж байна

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 15:08:03

Өмнөговь аймгийн хувьд усны нөөц ховор аймаг юм. Тиймээс ч бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, газар тариаланг усжуулах ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг хийсээр байна.

2016 онд зүүн бүсийн 7 суманд 14 инженерийн хийцтэй худаг гаргахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхээр “Эрхэм сүлд монгол” ХХК тендерт шалгарч 5 дугаар сарын 1-нээс ажлаа эхлэн 8 дугаар сарын 20-нд хүлээлгэж өгөх ажээ. Мөн 15 сумын 30 инженерийн хийцтэй худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг орон нутгийнхаа төсвөөр хийж гүйцэтгэхээр болоод байна. Энэхүү ажил 7 дугаар сарын 15-нд дуусах ажээ.

Өмнөговь аймгийн хувьд бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг сайжруулах, усан хангамж хүрэлцээгүй бүс нутгийг усжуулахад 2013-2015 онуудад 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээс нийт хөрөнгө оруулалтын 49,6 хувийг нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлжээ.

Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлсэн юм. Энэхүү ажил үр дүнд хүрч эдүгээ 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт уг төхөөрөмжийг суурилуулсан байна. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд бэлчээрийн усан хангамж 42,4 хувьд  хүрээд байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ