"IKEA" Хойд Америкаас нэг сая орчим шүүгээгээ эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. Хүүхдүүдэд гэмтэл учруулж болзошгүй байгаа учир Шведийн IKEA компанийн нэг сая орчим шүүгээг Хойд Америкаас эргүүлэн татахаар боллоо гэж АНУ-ын Өргөн хэрэглээний барааны аюулыг байдлыг тодорхойлох комисс /CPSC/ мэдээлжээ.
Тодруулбал, IKEA компани KULLEN загварын 820 мянга орчим шүүгээгээ АНУ-аас, мөн Канадад зарагдсан 150 мянга орчим ийм шүүгээг эргүүлэн татах аж.
“Эргүүлэн татаж байгаа шүүгээнүүд хэрэв хананд бэхлэхгүй л бол тогтвор муутай бөгөөд хүүхдүүд дарагдаж, гэмтэх эсвэл амиа алдахад хүрч болзошгүй” гэж дээрх комиссын мэдээлэлд дурдсан байна.
2016, 2017 онд АНУ-д хэд хэдэн хүүхэд IKEA компанийн MALM загварын шүүгээнд дарагдаж, амиа алдсаны дараа тус компани ийм загварын 17 сая гаруй шүүгээгээ эргүүлэн татаж байжээ.