Завханд "Цалинтай ээж" хөтөлбөрт 3400 гаруй эх хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-04 17:00:06

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 22 мянга гаруй хүүхэд мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа нь аймгийн хэмжээнд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн  96,7 хувийг эзэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/15 дугаар тушаалаар Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох өрхийн босго шугамыг амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоожээ. Энэхүү үнэлгээгээр өнгөрсөн жил Завхан аймгийн 19112 хүүхдэд нэгээс гурван сарын хугацаанд мөнгөн тэтгэмж олгосон байна.

Мөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/137 дугаар тушаалаар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох өрхийн босго шугамыг амьжиргааны түвшний үнэлгээний 670 болон түүнээс доош оноогоор шинэчлэн тогтоосноор 22169 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан байна. Харин “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт тэтгэмж олгох тухай хууль” хэрэгжсэнээр цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 настай хүүхэдтэй эхэд хүүхдээ асарч буй хугацаанд нь сар бүр 50000 төгрөгийг олгожээ. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 3497 эх Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байна. Харин өрх толгойлсон 155 эх, эцэгт улирал бүр 240 мянган төгрөгийн тэтгэмжийг тус тус олгосон тухай аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ