Гүнтийн хяналтын цэгээр 07.30 цагт 160 машин нэвтрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-03 09:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийслэл хот руу орох, гарах зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байна. Хойд бүсээс нэвтрэх Ар гүнтийн шалгах цэгт өглөөний 07.30 цагийн байдлаар нийслэл рүү 87 тээврийн хэрэгсэл, 162 зорчигч нэвтрээд байв. Хотоос 73 автомашин гараад байлаа.

Тус хяналтын цэгт ТЦА, ОБЕГ, НМХГ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд нийт 22 хүн ажиллаж байна. Хяналтын ажилтнууд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэж, жолооч, зорчигч иргэдийн халууныг хэмжиж, хаанаас хаа хүрч яваа мэдүүлгийг хуудсаар бөглүүлэн бүртгэж байна. Мөн нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндийн байдлыг хуудсаар авч байлаа. 



Ар гүнтийн хяналтын цэгт ачаалал харьцангуй бага, зөрчилгүй, тайван, нэвтэрч буй иргэдийн ихэнх нь Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд байгааг НМХГ-ын Улсын байцаагч Ж.Оюунчимэг хэлэв. Тэрээр, "Бид хот руу орж байгаа болон гарч буй жолооч, зорчигч иргэдэд асуулгыг үнэн зөв бөглөж, амны хаалтаа зүүж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сануулан зөвлөж байна" гэв. 

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 7 цэгт өнөөдөр Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллаж байна.

Б.Болд


Холбоотой мэдээ