П.Нямдорж: Хувьцааны арилжаа 11.5 тэрбумаар нэмэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-02 16:51:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдрийн байдлаар 198 нээлттэй ХК бүртгэлтэй байна. Үүнээс 132 ХК нь хувьцаагаа арилжиж байна. Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржоос тодрууллаа. 

-Дотоодын ААН-үүд нэг үеэ бодвол үнэт цаасны зах зээлд их гарч байна. Өнгөрсөн онд хэчнээн компани хувьцаагаа гаргав? Энэ онд яаж байна? 

-Өнгөрсөн 2019 онд “Түмэн шувуут”, “Ард кредит ББСБ”, “Монос хүнс”, “Инвескор ББСБ” зэрэг компани хувьцааны анхдагч зах зээлд гарч, нийт 42.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 253.4 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон амжилттай арилжсан. Ингэснээр арилжааны хэмжээ өмнөх оныхоос 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өсөөд байна. Энэ хэмжээгээр үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. 

Энэ жилийн хувьд “Бодь даатгал” олон нийтэд үнэт цаас арилжиж хөрөнгө босгох зөвшөөрлөө аваад байна. Онцгой нөхцөл байдлаас хамаарч энэ 3 дугаар сараас олон нийтэд санал болгон арилжих төлөвтэй байна. 



Өнгөрсөн онд 4-5 компани хувьцаа гаргасан бол энэ онд “Бодь даатгал” олон нийтэд үнэт цаас арилжиж хөрөнгө босгох зөвшөөрлөө аваад байна.



-Хамгийн эрэлттэй болон өндөр үнэтэй хувьцаанууд хаанахынх байна?

-Өндөр ханштай гэвэл цөөн хувьцаа гаргаж буй компаниудынх байгаа. Гэхдээ янз бүр. Эрэлт ихтэй хувьцаанд "АПУ", "ЛэндМН ББСБ", "Говь", орон нутгийн "Тавантолгой" ХК-иудынх орж байна. Өнгөрсөн онд манай биржид 251 удаагийн арилжаа явагдсан. Дээрх ХК-иудын хувьцаа арилжаа бүрт идэвхтэй гүйж, эрэлттэй байж тэргүүлж ирсэн. Мөн эрэлт ихтэй боловч арилжигдахгүй байсаар дансны үнэ нь зах зээлийн үнээсээ өндөр үнэ цэнэтэй болсон “Увс хүнс”, “Хүрд” зэрэг 10 гаруй компанийн хувьцаа их эрэлттэй байдаг. 

-ХК-иуд дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх нэлээн хөндөгддөг. Энэ байдал яаж илэрч байна. Яаж хамгаалж байна вэ?

-Энэ жил олон ХК ногдол ашгаа тараахаар бэлтгэж байна. Үүн дээр жишээ болгон хэлэхэд, ногдол ашиг тараах үйл ажиллагааг нарийвчлан тогтоож өгч байгаа. Ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан, зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан ХК-иуд ногдол ашиг тараах болон ногдол ашгаа зуучлуулан тараах шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуульд заасны дагуу ногдол ашиг төлөхийг улирал, сараар бус, тодорхой нэг өдрөөр тогтоож өгсөн. 

ҮЦТХТ-өөр дамжуулан эхний 2 улиралд багтаан тараах чиглэлийг МХБ-ээс бүртгэлтэй компаниудад хүргүүлээд байна. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигч нар мэдээлэлтэй байж, ногдол ашиг хуваарилалтад жигд, нээлттэй оролцох боломжтой болно. 

Б.Болд


Холбоотой мэдээ