БНСУ-ын алдартнууд коронавирусний эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-02-28 15:12:56

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Суга, “Оскар”-ын шагналт “Шимэгч” уран сайхны киноны найруулагч Бон Жун Хо тэргүүтэй алдартнууд “COVID-19” халдварын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахаар нэгдэж, хандив өргөсөн байна.


BTS” хамтлагийн репэр Суга баасан гарагт Солонгосын “Итгэл найдварын гүүр” байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах нийгэмлэгт 100 сая вон /82 мянга гаруй ам.доллар/ хандивлажээ. Уг байгууллагын мэдээлснээр, Сугагийн хандивыг түүний төрсөн Дэгү хотод дэгдсэн халдварын тархалттай тэмцэх үйлсэд зориулах ажээ.


Мөн найруулагч Бон Жун Хо халдварын тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулахаар “Итгэл найдварын гүүр” байгууллагад пүрэв гарагт 100 сая воны хандив өргөсөн байна. Энэхүү хандивыг нэн ядуу өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч тараахад зориулна гэж уг байгууллага мэдээлжээ.


БНСУ-д тархсан “COVID-19” халдварын эсрэг тэмцэлд тусламж үзүүлэхээр өөр бусад олон алдартан хандив өргөсний дунд Дэгү хотод төрж өссөн жүжигчин Сон Еэ Жин мөн багтжээ. Түүнчлэн дуучин IU “Сайн хөршүүд” төрийн бус байгууллагад 100 сая вон, Солонгосын Анагаах ухааны холбоонд 3000 хамгаалалтын хувцас хандивласан байна.


Мөн Солонгосын соёлын давлагааны /Hallyu/ одод болох И Сын Ги, Гун Ю, Сун Жун Ки нар 100 сая воныг тусламжийн байгууллагуудад хандивласнаас гадна жүжигчин Ким Хе Со, Жун У Сун болон охидын хамтлагийн гишүүнээр гараагаа эхэлж жүжигчин болсон Бей Сюзи, Хери нар “Сайн хөршүүд”, “Хүүхдийн сан”-д тус тус 100 сая вон хандивлажээ. 

Холбоотой мэдээ