Төрийн албан хаагчдыг гадаад руу зорчихыг хязгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-26 17:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг хориглолоо. Тодруулбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг гадаад орон руу албан томилолтоор зорчихыг 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахыг яам, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов..


Хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг дуустал сунгасан. Мөн "COVD-19"-ийн тархалт, халдвар өндөр байгаа БНСУ, Япон, Итали улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байхаар болов. 


Дээрх улсаас эх орондоо буцан ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоног түр тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулахаар боллоо. Түүнчлэн:

  • Коронавируст халдварын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр түгээсэн, 
  • Өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллын түүх болон биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зарлах шийдвэрийг гаргаад байна.  



Холбоотой мэдээ