БНСУ-аас ирсэн 62 иргэнийг гэрт нь тусгаарлаж ажиглалт, тандалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-26 17:13:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар “COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна.

Хоёрдугаар сарын 19-нөөс хойш БНСУ-аас ирсэн Орхон аймгийн 62 иргэний гэрийн тусгаарлалт болон ажиглалт, эмнэлгийн байгууллагын бэлэн байдал болон нөөц бүрдүүлэх талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймгаас зургаан иргэний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээснээс нэг хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. Үлдсэн хариу нь хараахан гараагүй байна. Мөн БНСУ-д халдвар авч  нас барсан гэх иргэний ар гэрийн гурван хүнийг тусгаарлан шинжилгээг ХӨСҮТ-д илгээгээд буй.

Энэ сарын 19-нөөс хил хаах хүртэл БНСУ-аас ирсэн Орхон аймгийн 62 иргэнийг гэрт нь тусгаарлаж тандалт, ажиглалтыг хийж буй. Гэвч зарим иргэн гэрээсээ гарах, хууль дүрмийг зөрчиж байгаа тул ОБГ, ЦГ, ЭМГ-ын хамтарсан баг гэр тус бүрээр нь орж мэдэгдэл хүргүүлэн ажиглаж байна.

Эрсдэлтэй нөхцөл үүссэн үед ашиглах 200 орыг Орхон аймагт  бэлдээд байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолборт нэг ч амрагч авалгүй 120 орыг бэлджээ. Мөн “Учралтбаяр” Өрхийн эрүүл мэндийн төвд-д 40, БОЭТ-ийн Халдвартын тасагт 40 буюу нийт 80 орыг бэлдэж эмч, сувилагчдын тоог гаргаад байна.

Сар шинэтэй холбоотойгоор иргэдийн золгуут ихсэх хандлагатай байгаа тул олон нийтийн эргүүл гаргахаар шийдвэрлэлээ.

Архи, согтууруулах ундааг 18 цагаас хойш худалдахыг хориглосон Засаг даргын захирамжийг зөрчсөн найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Аймгийн ОБГ хоёрдугаар сарын 25-наас орон сууцны бүх хороолол, орцыг ариутгаж байна. Дээрх хуралдаанаар ирэх сарын 10-н хүртэл хөл хориог сунгах саналыг Улсын Онцгой комисст хүргүүллээ. 

Холбоотой мэдээ