Зам тээврийн ослын 76 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-26 15:17:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын үеэр 17 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ.

ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 118 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 76 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт мөн нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • 2 дугаар сарын 25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сум 5-р багт "Kia-Frontier" маркийн автомашины жолооч Ж нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 5 настай эрэгтэй М-г мөргөж, амь насыг нь хохироосон.
  • Мөн 2 дугаар сарын 25-ны 14:23 цагийн үед нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Хонхорын гудамжинд Э жолоочтой "Jeep Wrangler" маркийн автомашин онхолдож, зорчигч 28 настай эрэгтэй Б нь гэмтэж, ГССҮТөвд хүргэгдэн очоод нас барсан хэргийг тус тус шалгаж байна.


Холбоотой мэдээ