Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд төсөв нэмж батлав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-02-26 14:08:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусний талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. 

Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.


Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. 


Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


Манай улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийлгэдэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.



Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан байдалтай 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариуг хүлээж байна.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох нислэгийг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Холбоотой мэдээ