Баян-Өлгийд коронавирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй гадаадын иргэнийг тусгаарлав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-25 23:07:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн Монгол Улсын нэг, гадаадын дөрвөн иргэнийг тусгаарлалаа.

Уг асуудлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжанаас тодруулахад, "Вьетнам Улсаас дөрвөн жуулчин, БНСУ-д суралцдаг тус аймгийн нэг оюутан өнөөдрийн онгоцоор Өлгий хотод буусан.

Гадаадын дөрвөн жуулчны нэгийнх нь бие халуурсан байдалтай байсан. Харин оюутны хувьд энэ сарын 23-нд эх орондоо иржээ. Тийм учраас дээрх таван иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан хянаж байна.

Тэдний зорчиж ирсэн онгоцыг буцаагаагүй. Одоогоор сэжиг бүхий иргэний халуун нь буусан, биеийн байдал нь гайгүй. Холбогдох шинжилгээг авч, маргааш өглөө онгоцоор Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д явуулна" гэлээ.    

Холбоотой мэдээ