Хятадын эдийн засагт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-02-17 14:35:58

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ өнгөрөгч нэгдүгээр сард 12 тэрбум 68 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн сарынхтай харьцуулахад 2.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


Тус улсын Худалдааны яамны цахим хуудсанд нийтлэгдсэн тайлан мэдээнд дурдсанаар, энэ үзүүлэлтэд банкны салбар, үнэт цаасны зах зээл болон даатгалын салбар дахь хөрөнгийн хөдөлгөөнийг харгалзаагүй байна.


Хятадын аж үйлдвэрийн өндөр технологийн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн сард 27.9 хувиар өсөж, 31.35 тэрбум юань /4 тэрбум 49 сая орчим ам.доллар/ болсон байна. Харин өндөр технологийн дэвшилтэт үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт 8.4 тэрбум юань /1.2 тэрбум ам.доллар/ болсон бол хамгийн сүүлийн үеийн технологийн үйлчилгээнд оруулсан хөрөнгө оруулалт 45.5 хувиар өсөж, 22 тэрбум 95 сая юаньд /3 тэрбум 28 сая орчим ам.доллар/ хүрчээ.


Эмийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт 10.5 хувиар, эмнэлгийн хэрэгслийнх 118.9 хувиар, харилцаа холбооны үйлчилгээнийх 56.6 хувиар, шинжлэх ухааны судалгаа, сүүлийн үеийн технологийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт 39.2 хувиар тус тус өссөн байна.


Тайлан мэдээнд дурдсанаар, өнгөрсөн сард эх газрын Хятадын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Сингапур /40.6 хувиар өссөн/, БНСУ /157.1 хувиар/ болон Япон улсын /50.2 хувиар/ оруулсан хөрөнгө оруулалт эзэлж байна. Түүнчлэн “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнууд, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудын оруулсан хөрөнгийн хэмжээ тус тус 31.3 хувь болон 44.8 хувиар өсжээ.



Холбоотой мэдээ