Сумын нийтийн номын сангаар өдөртөө 50 гаруй иргэн үйлчлүүлдэг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-04 20:48:23

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын Соёлын төв дэргэдээ 5700 орчим номын фондтой нийтийн номын сан ажиллуулж өдөртөө 50 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна.

Уншигчийн 467 үнэмлэхээр дамжуулан иргэдэд, зохиолын болон шинжлэх ухааны, танин мэдэхүйн ном зохиолыг гадуур болон танхимаар олгодог ажээ. Энэ жил тус номын сан хандиваар 90 гаруй номоор фондоо баяжуулжээ. Мөн 12 хүний суудалтай уншигчийн танхимаар дамжуулан иргэдэд номын сангийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Тус номын сангийн алтан фондод дэлхийн сонгодог зохиолуудаас гадна нутаг орныхоо үүх түүх үзэсгэлэнт газар нутгийг танилцуулсан өнгөт сэтгүүл, тус сумаас төрөн гарсан алдартнууд болон болон Завхан аймгийн хутагтуудын тухай сонирхолтой үүх түүхтэй судар номууд хадгалагддаг ажээ.

Нийтийн номын сан жилдээ 40 гаруй үйл

ажиллагааг явуулж байна

Дөрвөлжин сумын Нийтийн номын сангаас жилдээ 40 гаруй удаа соёл, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ үеэрээ хүүхэд залуучуудыг номтой нөхөрлөхөд туслах, номыг шимтэн унших зөв дадлыг уриалдаг ажээ. Түүнчлэн уншигчдын насны онцлогт тохируулан сургалтыг явуулж жил бүр уламжлал болгон “Миний нутаг сайхан” яруу найргийн наадмыг зохион явуулж байна. Мнайхаас жил бүр Янзагахан цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэр ярьж өгч баатруудыг хэрхэн ойлгосныг зургаар дүрсжүүлэх, тухайн үлгэрээр асуулт хариултын тэмцээнийг явуулж хэвшсэн. Ер нь хүүхдийг сэтгэлгээ сайтай, төсөөлөлтэй болгож хүмүүжүүлэх арга бол ном уншдаг болгох юм. Гэхдээ орчин үеийн технологийн эрин үед хүүхдүүд ном унших гэхээсээ илүү интернэт, зурагтыг илүүд үзэх болсон. Хүүхдийг бүр багаас нь уншиж сургахад туслах аргууд байдаг. Орой бүр хүүхдээ унтахын өмнө ном уншиж өгөхийг бид аав ээжүүдэд зөвлөдөг. Номыг хүүхдийнхээ анхны тоглоом болго. Ном уншихыг зуршил болгож чадвал таны хүүхэд номд хайртай, ном унших дуртай хүн болж төлөвшинө гэж зөвлөдөг.

Ном уншвал ухаантай болно, их сургуульд орж чадна гэж хэлэх нь утгагүй. Хүүхэд үүнийг ойлгохгүй бас үл ойшооно. Ном унших нь яг л тоглоом тоглохтой адил гэдгийг мэдрүүлж чадвал хүүхэд уншиж эхэлдэг шүү дээ. Технологийн эрин үед хүүхдүүд зурагт болон интернэтийн ачаар тархиа ажиллуулах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх зүйл дэлгэцэн дээр ил тод харагдаж байдаг болсон. Тиймээс хүүхдээ дэлгэцээс аль болох хол байлгахыг эрхэмлэх хэрэгтэй. Номыг электрон хэлбэрээр биш цаасан хувилбараар уншуулахыг уриалдаг. Мөн өнгөрсөн жил сумандаа "нэг иргэн нэг ном" хандивын аяныг өрнүүлсэн маш үр дүнтэй үйл ажиллагаа болсон хэмээн Дөрвөлжин сумын Соёлын төвийн дэргэдэх Нийтийн номын сангийн номын санч Р.Өлзийжаргал мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ