АМНААТ-аас хүлээсэн алдагдал

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-01-22 16:24:12

Монгол улсын эдийн засаг уул, уурхайгаас хамааралтай. Энэхүү салбар хөрөнгө мөнгө, цаг хугацаа, эрх зүйн онцлог орчин шаарддаг учрыг нь олж, тунг нь тохируулахад нэлээд ярвигтай зүйл бололтой. Гадаадынхан энэ салбарт хөрөнгө оруулахдаа асар их болгоомжилдог. Эрх зүйн орчинг өөрчлөхгүй гэж шаардана. Түүнийгээ баталгаажуулан тогтвортой байдлын гэрээ байгуулах жишээтэй. Ийм жишээний нэг нь Оюу Толгой. Том төсөл учир үүн дээр ярих зүйл алга. Тэртэй тэргүй “галт тэрэг хөдөлчихсөн”. Гэхдээ л түүнийг тойрсон улс төр тасрахгүй юм. Энэ бол тусдаа зүйл.

 

Одоо энд алтны ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар (АМНААТ)-ын тухай ярих хэрэгтэй болов. Энэ татварыг роялти гэж нэрлэх нь бий.  Алт олборлогч нарт өнгөрсөн хугацаанд энэ төрлийн татварыг янз бүрээр ногдуулж байжээ.  Тоо хэмжээг нь авч үзвэл дээд тал нь алтны “гэнэтийн ашиг”-ийн 68 хувь (2006 оны 6 дугаар сарын 8)-ийн татвартай байсан аж. Гэтэл 2005 онд улсын хэмжээнд 22 тн алт олборлож байсан бол 2008 онд 13 тн болон буурчээ. Монголбанканд тушаасан алт 2005 онд 15 тн байсан бол 2010 онд 2.1 тн болж буурсан байх  юм.  Алтанд өндөр татвар тогтоосноор энэ салбарыг дампууруулсан (алтны арилжаа далд хэлбэрт шилжсэн) гэж ойлгож болно. Гэхдээ өндөр татвараас илүүтэй тооцоо судалгаагүй татварыг өөрчилдөг. Тэр нь тухайн салбараа татан унагадаг болохыг харуулсан хамгийн ойрхны жишээ.

 

Уг салбарыг босгож ирэхийн тулд 2014 оны 1-ээс Монголбанканд тушаасан алтны АМНААТ-ыг тогтмол 2.5 хувь (5 жилийн хугацаатай) болгосон юм. Ийм арга хэмжээ авсны үр дүнд 2018 онд Монголбанканд тушаасан алтны хэмжээ 22 тн болж өссөн билээ. Монголбанканд тушаах алтны  хэмжээг өсгөх үүднээс тухайн үе (2014-2018 он)-д татвараас гадна олон төрлийн давхар арга хэмжээ авсан.  Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулсан. Энэ бол алт худалдан авах дэд бүтэц. Ийм бүтэцтэй болсноор Монголбанканд иргэд, аж ахуйн нэгж алтаа их хэмжээгээр тушаах болсон гэж хэлж болно.


Гэвч УИХ 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс энэ татварыг зогсоож таван хувь болгосон. Тухайн үед Монголбанканд тушаасан алтны татварыг (2.5 хувь) хэвээр үлдээх талаар аж ахуйн нэгж болон иргэдээс маш их санал гарсан юм. Тэдний саналыг УИХ хүлээн аваагүй. Татвар нэмэх гол шалтгаан төсвийн орлого нэмэхэд чиглэсэн нь тодорхой. Алтны татварын өөрчлөлт ч үүнд чиглэсэн юм билээ. Уг татварыг нэмэн улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон аж. Төсөвт орлого төвлөрүүлэх нэг хэрэг. Монголбанканд аж ахуйн нэгж, иргэд 22 тонн алт тушаана. Түүнээс төсөвт 50 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцсон биз. Гэхдээ төлөвлөсөн (22 тн) алт төвбанканд тушаагдаагүй буурсан (15.2 тн)  тул төсвийн орлого тэр хэмжээгээр тасарсан гэж ойлгож болно. Улсын төсөв том сав учир өөр байгалийн  баялаг ( зэс, нүүрс гэх мэт)-аас нөхөгдөх боломжтой. Мөн алтны өөр төрлийн татвараас нөхөгдөж болно. Ийм учраас түүнийг орхиё.

 

Монголбанканд 2019 онд аж ахуйн нэгж, иргэд 15.2 тонн алт тушаажээ. Энэ бол тус салбарт хүрсэн түвшингээ эргүүлээд алдаж байгаа хоёр дахь нөхцөл. Түүгээр зогсохгүй төвбанканд  2018, 2019 онд тушаасан алтны зөрүү 6 тн-оор яригдаж байна. Зургаан тн алт нь 300 сая (ойролцоогоор) ам. доллар. Алтны АМНААТ нэмснээс хүлээсэн эхний алдагдал энэ. Дэлхийн зах зээл дээр нэг унац нь 282 ам.доллар (2019 он 12 дугаар сар) байсан. Гэтэл он гарснаас хойш алтны үнэ 18 хувиар өсжээ. АМНААТ-аас  хүлээсэн манай дараагийн алдагдал нь олон улсын зах зээл дээрх алтны үнийн өсөлт болж байна.

 

Эдгээрээс гадна төгрөг суларч, ам. доллар чангарсан ханшийн зөрүү бас орно. Төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх гээд, АМНААТ-аас дээрх алдагдлыг одоогоор бид хүлээв бололтой. Энэ төрлийн татварыг нэмээгүй бол валютын нөөц (4 тэрбум 15 сая ам. доллар)-өө алдагдсан алтны зөрүүний үнэ 300 сая ам.доллароор нэмэх боломж бидэнд байжээ. Алтны татвараар олон оролдвол осолтой юм байна.

Холбоотой мэдээ