С.Сэргэлэн: Монгол гэдэг нэг аялгыг төв хэл болгоно гэдэг бол түүхэн том төөрөгдөл

ТОЙМ
khandmaa@montsame.gov.mn
2020-01-22 15:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хадан бичиг тайлагч “Сэргэлэн интернэйшнл экспидишн”/СИЭ/-ээс “Эх сурвалж-Үндэсний ой санамж” цуврал хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж байна. Гурав дахь хэлэлцүүлэг нь “Өнөөгийн монгол хэлээ Хүн хэл гэж нэрийдэх нь зөв” сэдвээр өнгөрсөн бямба гарагт болсон юм. СИЭ-ний тэргүүн, хурган овогт С.Сэргэлэнтэй хэлэлцүүлгийн нь сэдэв тойрон ийнхүү ярилцлаа.

 

-“Өдгөө мануусын ярьж буй хэл нь Хүн хэл болно. Монгол хэл гэж нэрлэх нь түүхэн үнэнд нийцэхгүйгээс гадна үндэсний аюулгүй байдалд нэн хортой” гэж та “Хүн хэл” өгүүлэлдээ бичсэн. Яагаад монгол хэл гэж нэрлэж болохгүй вэ?

-“Монгол” гэдэг нэр хэзээ үүссэн тэр цагаас л монгол хэл үүссэн болж таарна. XI зууны эхэн үе гэхэд  “Монгол” гэдэг нэр байгаагүй. СИЭ-ний судалснаар, 1300-1400 жилийн өмнөх хадны бичээс харахад, бид яах аргагүй хүн хэлтэй, хүн үндэстэн болж байгаа юм. 1300 жилийн өмнөх Билиг хааны бичиг, Тоньюкукын бичиг бүгдээрээ төрийн бичээсүүд,  Шинэ могой усны бичээс, Тэсийн бичээс эд нар нь яах аргагүй халх аялгаар бичигдсэн байна.

Харин бид монгол хэл гээд, өнөөдрийнх шиг дэлхий даяар тунхаглачихаар 900 жилийн хэлтэй, 900 жилийн түүхтэй ард иргэд болж байна. Монгол гэдэг маань манай зүүн хойд овогтон, Хамаг монгол аялга  нь нийт Хүннү хэлний зүүн хойд аялга юм. Түүнээс биш бие даасан хэл биш. Өөрөөр хэлбэл, бидний хамгийн том алдаа бол халхуудын дээдэс Хэрэйд, Найман, тэдний дээдэс Уйгур, Тэлэ, Хүн гэдэг төв овогтныхоо хаашаа ч яваагүй жанжин шугамыг одоо хүртэл ойлгоогүй явсных  юм.

Монгол гэдэг нь төрийн нэр болохоос үндэстний нэр биш, бас хэлний нэр биш. Этүгэний үндсэн төрүүд нь Хүн, Сяньби, Ру ру, Түрэг, Уйгур, Их монгол, Монгол төр болно. Төр солигддог. Үндэстний нэр, хэлний нэр солигдох ёсгүй. Тэгэхээр Хүн гүрнийхээ хүн нэрээр үндэстнийхээ болон хэлнийхээ нэрийг нэршвэл зөв болно.

Үндэсний аюулгүй байдалд ямар хор хөнөөлтэй вэ гэхээр, одоо дэлхий даяар ярьж байна шүү дээ. Өнөөдрийн монголчууд Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүйд ердөө 800 жилийн өмнө ирсэн хүмүүс. Урьд нь тэд Амар мөрөнд цутгадаг Эргүнэгээс ирсэн. Энэ газар ус нь өөр хүмүүсийнх болж таарна.

-Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг” гэж их зохиолч Д.Нацагдорж зүгээр нэг шүлэглээгүй нь лавтай. Тэгэхээр “Монгол” гэдэг үг яг хэзээ хэрхэн гарч ирснийг илүү тодорхой тайлбарлаж болох уу?

-Эхлээд Монгү гэдэг нэрийг хэлж өгье. Хамгийн анх Мөнгү шивээ гэдэг нэр хуучин Тан төрийн бичигт гардаг. Олон шивээчүүд дотор Мөнгү шивээ хаана байсан юм бэ гэхээр, Хөлөннуураас гардаг голыг Эргүнэ гэнэ. Эргүнэ гол Шилка голтой нийлдэг яг тэр хэсгийнх нь урд талд Монгү шивээ оршино гэж байгаа. Энэ их сонин. Үүнийг “Монголын нууц товчоо”-той уях юм бол, Жадран овогт Жамухын байсан тэр голынх нь нэртэй таардаг. Мөнгү шивээчүүд бол X зуунаас эхлээд Киданы хур /харьяат. сурв/ болсон.

Мөн “Кидан төрийн түүх”-д ингэж байдаг. “Киданы чанх умард хэсэгт Мэнгүли гэж оршино. Эд нар бол айраг уудаг, мал хариулдаг, Кидантай байлддаггүй, Кидантай арьс махаар наймаа хийдэг” гэж бий. Тэгэхээр яг энэ үе бол XI зууны сүүл XII зууны эхэн үе болж таараад байгаа юм.

Дараагийн эх сурвалж бол, “Монголын нууц товчоо” /МНТ/-нд “Хамаг Монголыг Хабул хаан мэдэн авба” гэж буй. Хабул хаанаас өмнө Хамаг Монгол гэж үг байдаггүй. Түүнчлэн Рашид Ад Диний “Судрын чуулган”-д Хабул хаан, Алтан хаантай уулзсан тухай өгүүлдэг. Тэгэхээр эх сурвалжууд хоорондоо таарч байна.

Киданы судрыг судлахад XI зууны сүүл, XII зууны эхэн үед Зүрчидийн Агуда хаан Киданыг урдаас нь сулруулаад арын хэсгийн аймгуудыг Мөнгү шивээд хураачихсан. Үүнээс болж Монгол шивээ бусдыгаа хураагаад монгол гэдэг нэрийг авсан.

-Эх сурвалж судлаачийн хувьд, та “Монгол” гэдэг үгийг хэрхэн тайлбарлах вэ?

-Монгол гэдэг нэрийн утгыг тайлбарлахад монгү гэдгээс тайлбарлах нь зүйтэй болов уу. Монгү гэдэг үгийг эх бичгээр нь хараагүй. “Кидан төрийн түүх”-эд ханзаар бичсэн байгаа. Мөн МНТ дахь Хамаг Монгол бол ханзнаас сэрээсэн дуудлага. Мал аж ахуйтны нийгэм журмаар бол, аливаа овгийн нэр нь овгийн ахлагчийнхаар байдаг. Тэгэхээр Монгү шивээгийн Монгү бол ахлагчийнх нэр байх магадлалтай.

Монгү, Мэнгү гэдэг бол хэлний угийн, үзийн дуудлага. Энэ үг бол мөнх гэдэг үгнээс Монгү, Мөнхү. Манай хадны бичигт бангу гэж байгаа. Б, М үсэг хоорондоо зармидаг болохоор байнга, мөнхийн гэсэн утга байж болно. Мөн нөгөө утга нь алт, мөнгөний мөнгө байж болох талтай. Тэгэхээр энэ бол төлөв хэлбэр шүү. Эх сурвалж судалж байгаа хүний хувьд, яг тийм хэлж чадахгүй. Харин “Монгол” гэдэг үгийг үг зүйн талаас нь хэлж болно.

Монгү дээр “л” залгахад  үйл үг үүсгэнэ. Жишээ нь, хадан бичигт буй бух гэдэг үг бол “бухал” бух тавиулсан үхэр. Тэгэхээр “Диван лугат толь”-д түрэг гэсэн үгэнд “л” үсэг залгахаар “түргэл”, “түрэг болго”, “түрэгт  тооц” гэсэн үг болно. Манайх Хүннү, Сүннүгийн Сүннү нь Дунд орны эх сурвалжаас гарч ирсэн. Тэр ханз нь Хан улсын үеийн их дуудлагаар “хүнлэ” гэж гарч ирдэг. Хүн болго гэсэн үг. Тэгэхээр Монгол гэдэг нь Мэнгү болго гэсэн үг л дээ. Тэгэхээр бүгдээрээ Монгүгийн доор хур болсон хүмүүсийг монгол гэж хэлнэ, түргэл гэхээр түргийн дор хур болсон хүмүүсийг хэлнэ. Тэгэхээр энэ үг мөнхү гэдэг үгнээс гаралтай юу, мөнгү гэдэг үгнээс гаралтай юу гэдгийг эх бичгийг нь хараагүй учраас би хэлж чадахгүй.

-Бас сонин тайлбар байна. Тэгэхээр “Монгол судлал” гэдэг нэр томьёо бас учир дутагдалтай болж таарах нь.  Хүн судлал хэмээвэл, манай түүх таван мянган жил болж тэлэгдэх нь, тийм үү?

-Яг үнэн. Түүх, хэл судлалтайгаа холбоотой шүү дээ. Монгол судлал гэхээр, XII зуунд анх бий болсон Хамаг Монголыг судлах юм уу. Хамаг Монголын түүх бол Хүн үндэстний нэг л овгийн түүх болохоос мануусын ноён нуруу түүх үл болно. Гэтэл бид зүүн хойд овгоо төв овог болгоод байна. Монгол судлал гэхээр, халхын өвөг дээдэс Хэрэйд, Найман, тэдний өвөг дээдэс Уйгур, Тэлэ, Хүннүг яаж судлах юм. Тэгэхээр өнөөдөр ч монгол судлалыг харахад, нэрнээсээ эхлээд маш охор харсан нэршил. Халхууд Орхон, Сэлэнгэ,Туул, Хүнүй, Хануйгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй. Тэгэхээр Хүн судлал гэсэн нь маш зөв.

- Дунд орныхон НТӨ I зуунаас Каспийн тэнгисээс Шар тэнгис хоорондын бүх мал аж ахуйтныг Ху, Хүн гэж дуудаж иржээ. Тэгэхээр бүх мал аж ахуйтны хэвшлийн төв нь соёлын нэрээрээ Үсүнь, Этүгэн, Улаан хад. Үсүнь бол өнөөгийн Казахстан, Узбекистан, Түркменистан. Этүгэн бол өнөөгийн Ар, Өвөрхангай, Төв, Булган аймгийн нутаг шүү дээ. Этүгэн, Үсүний хэлийг эх сурвалжаар харьцуулж хэлнэ үү?

-“Их Роу жи улс нь анх мал аж ахуйтан улс байжээ. Малаа дагаад нүүж сууна. Хүннүтэй адил заншилтай” гэж НЭ-ний I зуунд Бангу “Баруун орны шастиртаа” бичжээ.

Мөн “Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал хар өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил” гэж буй.Энэ бол яах аргагүй баримтат түүх. Үсүнь буюу өнөөгийн Каспийн тэнгисээс Алтайн уул хүртэлх газрын хүмүүсийг зан заншил нь Этүгэний хүмүүстэй ижил байгааг өгүүлсэн байна. Зан заншил ижил байна гэдэг нь хэл ижил гэсэн үг.

Ер нь,  хэзээ энэ мал аж ахуйтны хэл ижилссэн юм бэ гэдэг асуудал бас гарна. Жишээлбэл, Өмнөд хунш /хөрш. сурв/ Дунд оронд бол өнөө 301 амьд хэл байна. 301 түүх соёлын эх байна гэсэн үг. Манайд бол хэл аль хэзээний ижилсчихсэн байжээ. Энэ юутай холбоотой вэ гээд судлахаар, яах аргагүй хүрэлтэй холбоотой юм. Хүрэл гарахаас өмнө бүгд нойтон газар амуу тариалдаг байсан. Нойтон газар модон анжсаар газар хагалдаг байсан тухай энд өгүүлж байна. Амуу бол манайд 8000 жилийн түүхтэй шүү дээ. Яагаад неолитийн үед төв газар, хуурай газар тариалж болдоггүй байсан бэ гэхээр, хүрэл гараагүй байсан учир хагалж чадахгүй шүү дээ. Хүрэл гарснаас хойш хуурай газраар тариалдаг болсон. Нэг сонин зүйл болсон байгаа. Урьд нь хэчнээн хэмжээний нойтон газар тариална, түүнээсээ мал амьтнаа тэжээдэг байсан бол, Этүгэн хавьд ороод ирсэн чинь хонь нь, үхэр нь, адуу нь тэжээлгэхгүйгээр өөрөө таргаа аваад, өөрөө тэжээлээ олоод онд ордог болсон.

Тэгэхээр урьд байгаагүй их хэмжээний мал бий болсон. Хүмүүн төрөлхтөн урьд нь байгаагүй их хэмжээний уураг хэрэглэдэг болсон. Энэ бол их тансаг хэрэглээ болж байгаа юм. Хөдөлмөрийн хуваарь бий болсон. Нэг хэсэг нь Хүнүй, Хануй, Хараа, Бороо, Ерөөдөө тариалангаа тарьдаг. Энэ тухай хадан бичигт байна. Нөгөө хэсэг нь малаа малладаг. Энэ үеэс эхлээд төрт улс бий болсон.

Манай буган сүлдэт төрийн үе гэж байгаа шүү дээ. Энэ бол манай баримтжуулаагүй түүх. Энэ үед бол манай хэл Шар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл ижилссэн байна. Энэ үеэс түүхээ хөөвөл, жинхэнэ баримтжуулсан түүх нь Хүннүгийн үеэс гарч ирж байна. Дээрх сурвалжаар, Роу жи Хүннүтэй зан заншил ижил гэдэг нь нэг хэлтэй хүмүүс байна гэдгийг хэлж байгаа юм. Үсүнь, Хүннүтэй зан заншил ижил байжээ гэдэг нь баримтжуулсан түүх.

-Тэгэхээр НЭӨ IV- НЭ I зуун хүртэл буюу 500 жилийн хугацаанд хэл нэг байжээ, тийм үү?

-Баруун, зүүн, төвийн аялгатай. Гэхдээ хэл нь ижилссэн, бие биенээ аль хэзээний ойлгодог болсон байна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл НЭӨ IV зуунаас 1000 жилийн дараа хэл ямар байсныг та багцалж хэлж өгнө үү?

-Хуучин Тан төрийн бичигт “Баруун түрэг хойт Түрэгтэй дээдэс нэгтэй. Түүний улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай далай /Каспийн тэнгис/, урагшаа Су лэ /Таджик, Афганистаны нутаг/, хойшоо Хан хай /Байгаль далай/ хүрнэ. Тэ ли, чиу ци болон баруун орны олон Хугийн улсууд бүгдээрээр захирагдана. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй” гэсэн байдаг.

Ашна овгийнхон 553-703 он хүртэл баруун Түрэгт төр барьсан. Яг Этүгэнд бол 742 он хүртэл. Тэгэхээр Үсүний газар усанд төр барьж байгаа Ашна овгийнхон, Этүгэнд төр барьж байгаа Ашна овгийнхон, яг одоогийн та бид хоёр шиг нэг хэлтэй. Түүнд асуудал байхгүй. Энд юу ярьж байна вэ гэхээр, Ашна овгийн хураасан Үсүний олон овгийн хэл нь тухайн үеийн Этүгэн дэх голцуу тэлэнүүдийнхээс бага зэрэг зөрүүтэй байна. Жишээ нь, Этүгэнд бол айргийн соёл байхад, хойшоо Буриадад бол айраг байхгүй шүү дээ. Энэ мэтчилэн ахуйн соёлын ялгаа байна. Мөн дуудлагын зөрүү байна. Одыг Этүгэнд од гэдэг бол, нөгөөхөд нь зул гэдэг. Нэг нь гэрэлтдэгээр нь, нөгөөх нь галаар нь ярьдаг.

Тэгэхээр хэл бол НТӨ III- НТ VI зуунд хэл нь ижил байжээ. Өнөөдөр ялгаа байхгүй, халхууд бол баяд, дүрвэдүүдээс бас жаахан зөрүүтэй шүү дээ.

-“Уйгур ариг (цэвэр) түрэг хэлтэй. Тэдэнд бас хоорондоо ярьдаг хэл байна. Тэд мануустай харилцахдаа 24 үсэгтэй түрэг бичгээр харьцдаг. Тэдэнд бас өөр бичиг байна. Тэр бичиг нь Синд (Киданд) байдаг бичигтэй ижил бөгөөд түүнийгээ гэгээн ном бичигт хэрэглэдэг” гээд “Киркыз, Кипчак, Угс, Тухси, Загма, Жикил, Урак болон Жарук нь дундын цэвэр түрэг хэлтэй. Замак болон Башгиртын аялга тэд нэртэй дөхүү” гэж 1070 онд мал аж ахуйтны хэлийг сурах хэрэгцээ шаардлагаар, араб хэлээр бүтээсэн Махмуд Аль Кашгарын "Диван Лугат" тольд өгүүлсэн байдаг. Үүнийг IX-X зуунд хүн хэл ямар байсан тухай эх сурвалж гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Уйгур гэдэг чинь Хүннүгийн хойчис. Хамгийн цэвэр түрэг хэлтэй гэж бичсэн байна шүү дээ. Мөн Киргизүүд. Киргиз бол Тэнгэр уулын баруун бэлд байгаа л хүмүүс шүү дээ. Энэ хоёр хоёулаа ариг түрэг хэлтэй байгаа. Тэгэхээр Халхын дээдэс уйгурууд ариг түрэг хэлтэй. Энэ үеэс эхлээд бүгд түргээр ярьдаг болсон юм биш үү, урьд нь Ху буюу Хүннүгээр ярьдаг гэсэн яасан бэ гэж асууж болох юм. Ху буюу хүн хэл гэдэг үг нь манай өмнөд хөрш Дунд орноос гаралтай. Тэд дүрс бичлэгтэй. Перс, Арабын ертөнц бол өөр ертөнц. VII зууны эхнээс Баруун түрэг Үсүнийхээ хураасан маш олон овог, аймагтай Персийг эзэлсэн түүхтэй. Түүнээс хойш бүх мал аж ахуйтныг түрэг гэж нэрлэчихсэн. Махмуд Аль Кашкарын яриад байгаа, ариг түрэг хэл, ариг хүн хэл гээд байгаа нь тухайн үедээ үнэн хэрэгтээ ижил юм байхгүй юу. Ху буюу Хүн хэл гэдгийг Дундад орныхон хэлдэг. Ариг түрэг хэл гэдгийг арабууд хэлж байгаа юм. Тэгэхээр тухайн үеийн түрэг хэл гэдэг нь манай Ху буюу Хүн хэл. Тэгэхээр, НТӨ IV зуунд ийм том газар нутагт нэг хэлтэй байж. НТ-ын VI-VIII зуунд мөн ижил хэлтэй байсан гэсэн үг.

-Та, бид хоёр монгол гэдэг нэр гарахаас өмнөх буюу XII зууны өмнөх Хүн хэлийг багцалж ярьж байна аа. Тэгэхээр X зуунаас хойш  Үсүний хэл юу болсон бэ гэдэг нь хамгийн сонирхолтой?

- Үүнийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. XI зуун гэхэд Перс, Арабын ертөнцөд тариалан аж ахуй маш сайн хөгжсөн. Тэд хойд Үсүний мал аж ахуйтнаас цэрэг хөлсөлдөг байсан. За тэгээд үнэхээр нэг сонин юм болсон. Өнөөгийн Афганистан руу Газанвид гэдэг /орос нэрээр/ овог очсон. Араас нь Сэлжүкүүд очсон. Сэлжүкүүд Арабыг эзлээд Сирийг эзэлсэн. Гурван улс байгуулсан. Гэрман, Кони, Сири. Этүгэнийх биш шүү, Үсүнийг эзэлсэн байгаа юм. Мал аж ахуйтнууд тариалан аж ахуйтныг эзэлсэн мөртлөө перс хэлийг авчихсан. Уг нь бол эзэлсэн газрын хэл давамгайлах ёстой шүү дээ. Тэгээд араб хэлээр төрийн хэлийг явуулж, тэдэнтэй ураглаж эхэлсэн. Тэгэхээр зүс царай нь ч, хэл нь ч өөрчлөгдсөн. За тэгээд XI зуунаас хойш буцаж хөөгдөж гарч, XIV зуунаас Османы хойчис гэж төр улсыг байгуулахдаа цоо шинэ үндэстэн бий болгов. Манай Этүгэний биш, Үсүний мал аж ахуйтны ген, тариаланч перс, арабын гентэй холилдсон, хэл нь ч холилдсон улс гарч ирсэн. Тэгэхдээ их сонин, түрэг гэдэг нэр нь яваад байсан. Тэр бол манайхан Уйгур гээд бүтэн том улс болчихсон үе шүү дээ.

Ингээд цаашдаа юу болсон бэ гэхээр, 1923 онд хэзээ ч өмнө нь турк нэр авч байгаагүй, перс араб, грекүүдтэй холилдсон гентэй хүмүүс өөрсдийгөө БНТурк улс гэж тунхагласан. Тэгэхээр тэдний хувьд, манай өвөг дээдэс танай Этүгэнд байсан юм аа гэх нь түүхэн эх сурвалж талаасаа ч, хэл зүй талаасаа таарахгүй болж байна. Өнөөгийн ярьж байгаа персжсэн, арабжсан турк хэл бол Махмудын яриад байгаа түрэг хэлтэй шал өөр байхгүй юу. Тэр түрэг хэл бол өнөөдрийн бидний халх хэл, хадан бичиг дээр байгаа хэл юм шүү.

-Үсүний хэл яаж өөр болсныг хадан бичгийн жишээгээр тайлбарлаж болох уу?

-За, цөөн жишээ хэлье. Манай хадан бичигт перс, араб үгс байхгүй. 100 жилийн өмнөх Томсон, Радлов 70 жилийн өмнөх С.В.Малов эд нарынхаас өнөөдрийн СИЭ-ний тайлсан, бидний сэрээсэн бол орвонгоор илүү болоод байна. Яагаад гэвэл, бид өөрсдийн хэлийг илүү мэднэ. Хадан бичигт “битиг” гэдэг үг бий. “Т”, “ч” зармина /сэлгэнэ. сурв/. Өнөөдрийнхөөр ном гэсэн үг шүү. Зарим газар битиг гэж болно. Гэтэл арабаар үүнийг “китап” гэдэг. Хаан гэдэг үгийг бид "каан" гэж байна. Стамбулын туркууд бол "султан" гэдэг.

-Өдгөө хүртэл бидний ярьж хэлэлцэж буй Хүн хэлний онцлог яг юу вэ?

-Өмнөд хөрш Дунд орны хэлний мөн чанар нь хөг. Манай умард хунш бол ОХУ славян угшлын хэл. Эдэнд цохилт /өргөлт. сурв/ чухал. Жишээ нь, оросоор небо гэдэг үг байна. “О” үсэг дээр цохилттой хэлбэл, нэг ч орос хүн ойлгохгүй. Харин манай хэлний мөн чанар цохилт, хөг байхгүй, хэлээ урсгаж хос сувгаар ярина. Өөрөөр хэлбэл, хэлний үзийн, угийн дуудлагаар ярьдаг. Нэгдүгээр, хоёрдугаар, эх нэр, дүү нэр гэх мэт. Миний ээж гэж ярихаас, манай ээж гэж ярихгүй, манай аав, манай ах гэхээс миний аав, миний ах гэхгүй. Өнөөгийн хувьд хэлний угийн, үзийн энэ хэлбэр Казахстанд харагдаж байна. Гэхдээ нэг улс хоёулангаар нь ярьдаг юм байхгүй байна. Гол гатал, гэтэл, овог өвөг гэх мэтээр хэлж байгаа нь зөвхөн манайхан юм.

Хүн хэлний төв нь Этүгэн. Өнөөдөр тува нар хүн тоотой, харин  бид Хамаг Монголын авчирсан кидан тоог хэрэглэж байна. Үгийн баялаг, бүх соёл нь Этүгэнд байна. Ийм л онцлогтой байна даа.

Тэгээд дүгнэн хэлэхэд, уртаашаа 6000 км, өргөөшөө 2500 км-ын ийм өргөн нутаг дэвсгэрт манай хүн хэл тархсан байжээ. Өнөөгийн Турк дэх арабжсан, персжсэн хэл бол Махмуд Аль Кашгарын яриад байгаа түрэг хэл огтхон ч биш юм шүү.

-Өнөөгийн хэл шинжлэлч нар “Монгол хэл маань бохирдож байна, устаж байна” гэж халагладаг. Орчин цагийн авиа сэлгэх, эгшиг зохицох ёс, ойролцоо утгын гарал үүсэл цөм үгийг угаар болон үзээр ялган дуудах хүн хэлний дуудлагын хос сувгаас үүдсэн юм байна. Энэ нь гажуудсанаас л дээрх асуудал үүсчээ. Монгол хэлийг өнөөгийн хэл шинжлэлд “Алтай овгийн хэл” гэж товчоолон, түрэг, монгол, манж, хамниган, солонгос, япон хэлийг оруулдаг. Энэ тухайд таны үзэл бодлыг сонсмоор байна?

-Энэ бол сүүлийн 100 жилийн л зохиомол хэллэг. Үүнийг түүхэн талаас хэлье. Мал аж ахуйтны төв нь Үсүнь, Этүгэн, Улаан хад /Сянби/. Алтайд түүхэндээ ямар ч том төр байгаагүй. Алтай бол мал аж ахуйн хувиас бол тарчиг газар. Өвөлжөө зунжаа хоёрын хооронд 100 км, бүр 200 км явж байна. Хоёрдугаарт, энэ нэр нь түүхэн талаасаа ч, хэл зүй талаасаа ч зохиомол. Алтай уулаараа нэрлэвэл Уралын хэл, Альпийн хэл гэж байдаг юм уу. Хүн хэлний соёл бол Этүгэнд л байгаа. Алтай хэлэнд араб, персүүдтэй танигдахаа байтлаа холилдсон Стамбулын турк хэлийг оруулах юм уу. Өнөөдрийн туркменүүдийн хэлийг оруулах юм уу. НЭ X зуунд эд нар хэлээ тэгтлээ бохирдуулаагүй байсан. Махмуд Аль Кашгар биднийг ариг хэлтэй гээд хэлчихсэн байна шүү дээ. Стамбулын туркуудын бохирдсон хэлээс манай хэл гараагүй. Манай хэлний Үсүнь дэх салбар урагшаа ороод бохирдсон, гэхдээ турк гэдэг нэрээ аваад явж байгаа шинэ үндэстэн.

-Орчин үеийн хэл шинжлэлийн тухай ярьсных,  өнөөгийн хэл шинжлэлч эрдэмтдийн өгүүллээс иш татмаар байна. Академич Д.Төмөртогоо “Монгол хэлний түүхэн хэл зүй” /1992/ гэдэг номдоо ингэж өгүүлжээ.

“Алтай язгуурын өвөг хэлнээс монгол хэл хэдийд салбарлан гарч, биеэ даан хөгжиж эхэлсэн асуудал өдгөө хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг монгол хэл шинжлэлийн өнөөгийн түвшинд нарийвчлан тогтоох боломжгүй юм” гээд “...Ер өдгөө бидэнд уламжлан үлдсэн бичгийн дурсгалууд нь бүтээгдсэн цаг үеийнхээ хувьд 13 дугаар зууны тэргүүн хагаст холбогдох боловч тэдгээр дурсгалд тусч байгаа хэлний онцлог шинж нь түүнээс хэдэн зуун жилийн өмнөх үед холбогдоно. Түүнчлэн Хятан, Зүрчидийн үеийн бичгийн дурсгалууд нэлээн буй бөгөөд тэдгээрийг хэл шинжлэлийн үүднээс уншин тайлж чадвал монгол хэлний эртний үеийн онцлог шинжийг улам илүү мэдэх таатай боломж олдохсон ...” гэж хэлжээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

 -Д.Төмөртогоо академич, Алтай хэлнээс монгол хэл хэзээ салбарлав аа гэдгийг мэдэхгүй байна гэж байгаа нь мухардалд орсон байна. Манай хамгийн эртний, монгол хэлний эх сурвалж бол 13-р зуунд байна аа гэж байна. Дараа нь академичийн өөрийнх нь хийсвэрлэл юм уу, хүлээлт харагдаж байна шүү дээ. Киданы их бичиг, бага бичгийг  хэн нэг нь сэрээчих юм бол гэрэл гэгээ гарчих байх гэх гээд байна. Яах аргагүй энэ хүн мухар гудамд орчихож. Монгол гэдэг нэг аялгыг төв хэл болгоно гэдэг бол түүхэн том төөрөгдөл. Д.Төмөртогоо академичаар төлөөлүүлээд би нэг үеийнхнийг ярьж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Хэл шинжээчид намагт ороод шигдсэн байна.

-Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ц.Шагдарсүрэн “Монголчуудын утга соёлын товчоон” гэдэг номдоо “... Хэдийгээр “Монгол” гэдэг нэрийн гарал,  уугуул утга нь одоогоор тов тодорхой мэдэгдэхгүй байгаа ч энэ нэр манай эриний өмнөх үед судар түүхнээ тэмдэглэгдэн үлдэж Эргүнэ кунд дайжин очсон аймаг хүмүүсийн нийтээр заасан үг болж улмаар тэр аймаг улс хуучин уугуул нутаг ус Гурван голын эх буюу Онон, Хэрлэн Туулын эх хавьдаа эгэн ирж нутаглан суугаад язгуурын монгол аймгийг бүрдүүлсэн нь тодорхой байгаа билээ” гэсэн байдаг?

-Шоконд орохоор байна. Эх сурвалж судлаач хүний хувьд, би хэзээ ч ийм юм хэлж чадахгүй. Ц.Шагдарсүрэн доктор оо, Та тэр судар бичгийнхээ нэрийг хэл л дээ. Эргүнэ кун бол “Судрын чуулган”-д маш тодорхой байгаа. МНТ-той нийлж байгаа шүү дээ. Эх сурвалж судалдаггүй, доктор цолоороо ярьдаг иймэрхүү байдлыг халах хэрэгтэй.

-Академич Ц.Дамдинсүрэн Монголын шинэ үсгийн дүрэм  хэмээх бүтээлдээ “... Бид монгол ардын ярианы хэлийг сайн судалж, сайн мэдэж байгаад түүнд тохируулан дүрмийг бичсэн юм. Ардын ярианы хэлэнд тааруулж чадсан нь манай шинэ үсгийн дүрмийн, хэлний шинжлэх ухааны баримталж чадсан бүтэмжтэй сайн тал. Амьдралаас тасархай шинжлэх ухаан гэж байдаггүй. Ардын ярианы хэлд тохирохгүй бол хэчнээн өндөр цолыг өгөвч тэр шинжлэх ухаанд үндэслэсэн дүрэм биш, дэмий цэцэрхийллийн дүрэм болоход хүрнэ“ гэж тайлбарлан бичсэн байна.

-Гудамжнаас хэлийг сэргээнэ гэж байна шүү дээ. Тийм юм байхгүй шүү дээ. Хэлийг өвөг дээдсээсээ сэрээдэг. 1400 жилийн өмнө өвөг дээдсийн хадан дээр бичээд үлдээсэн бичгийг сэрээгээд өнөөгийнхөө хэлтэй харьцуулж, өнөөгийн хэлээ засдаг байхгүй юу. Өвөг дээдсээсээ ухаантай байна гэж байхгүй. Дээдсийнхээ хэсгийг хэрччихээд, тэгээд хэлээ сэрээнэ гэж байхгүй. Үүнээс болж манай хэл ямар болчихов, харж байгаа биз дээ. Азаар бидэнд маш их сурвалж байна. Бид түүнийгээ сэрээж байна. Хэл яг л мод шиг үндэс рүүгээ шигдэж орох тусмаа тэр хэлний даац, тэр хэлний соёл арвин байна.

-Манай улсад 70 орчим хадан бичээс буй гэдэг. Хадны бичээсүүдийг Диван Лугатгүйгээр тайлахгүй. Ер нь хадны бичээс судлахын ач холбогдолтой юу вэ?

- Жишээ нь, МНТ-нд алгинч гэж үг байдаг. Шувууны хошууг алиг гэнэ гэж Диван Лугат тольд байна. Малынхыг хошуу гэнэ. Хошууч гэж цэргийн цол байна. Англиар, оросоор ч энэ хоёр амьтны хошууг өөрөөр нэрлэж байна. Бид өдгөө шувууны хошууг өөрөөр нэрлэдэг байснаа мэдэхээ больсон нь манай хэл охордмол болсны нэг нотолгоо юм.

Хадан бичиг ямар ач холбогдолтой вэ гэж байна. Манай өвөг дээдэс өөрийнхөө хэлд тохируулаад нутагшуулчихсан үсэг байна шүү дээ. Манай өвөг дээдсийн бичгээс юу харагдаж байна гэхээр, үсэг нь харагдаж байна, дуудлага нь харагдаж байна. Өнөөдөр хамгийн чухал нь өгүүлбэрийн бүтэц. Манай өвөг дээдэс өнөөгийн германчууд шиг яасан нягт өгүүлж байсан байна вэ. Бид өнөөдөр тэгж нягт ярьж чадахгүй байна шүү дээ. Цаг нь яасан оновчтой байна. Би ирсэн, би иржээ, би ирэв, би ирсийм, би ирлээ гэх цагийн ялгаа буюу хэлнийхээ кодыг  мэддэг нь өнөө алга. Кирил бичгээр хэр зөв бичих тухай  ярьж байгаа болохоос, хэлээ мэдэж байгаа хүн алга байна шүү дээ. Мөн хадан бичгээс үгийн маань эх утга гарч ирж байна. Эр зориг гэж байна. Үүнийг эрэгтэй хүний "эр" гэдгээр биш,  хутганы "ир"-ээр бичнэ шүү дээ.

Эх сурвалжтайгаа ажиллах юм бол, үндэсний эх сурвалж судлал бий болох юм бол бидний үндэсний дархлаа сайжирна. Өнөөдөр С.Сэргэлэн худлаа ярьсан гэж хэлж чадах хүн байхгүй байна. Би дандаа эх сурвалж хардаг болохоор тэр юм. Та энэ эх сурвалжийг ингэж буруу тайлсан байна аа гэх хүн гарч ирвэл, энэ нь эрүүл тогтолцоо. СИЭ-ний эрхэм зорилго бол үндэсний ой санамжийг сэрээх болохоос, өөрсдөө хамгийн мундаг нь болох зорилгогүй.

Холбоотой мэдээ