Залууст гэр бүлийн боловсрол олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-21 13:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өсжээ. Түүнчлэн таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг хууль санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд онцлов. Түүнчлэн залуу гэр бүлүүдийн дунд явуулсан судалгаагаар 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэх боломж олгохыг хүсжээ. Мөн гэр бүл салалт, зөрчил маргаан нь санхүүгийн хүндрэл, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн судалгаанд оролцогчдын 55.3 хувь үзсэн байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах заалт тусгажээ. Мөн залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас нь олгох, гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ. 


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Төслийг боловсруулахдаа хууль хоорондын уялдааг хангахад анхаарахыг УИХ-ын гишүүн О.Батнасан анхааруулсан. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүүхдээ сургуульд сургахын тулд залуус олон сар тусдаа амьдарч байгаа нь гэр бүл салалтын шалтгаан болж байгааг дурдлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэр бүлийн гишүүд хамт хөдөлмөр эрхэлдэг байх боломжийг бүрдүүлэх нь чухал хэмээв.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.


Ташрамд дурдахад, Монгол Улс Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд анх баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байв.

Холбоотой мэдээ