Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-20 15:04:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимыг шинээр тохижуулж өнөөдөр нээлээ.

Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ. Энэхүү бүтээн байгуулалттай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон албаны хүмүүс танилцлаа.


Тэрбээр хэлэхдээ, “УНТЭ эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолсон орчин нөхцөлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой. Анх удаа улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төвийг өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр байгуулна гэдэг УНТЭ-ийн удирдлага хамт олны асуудалд хандаж байгаа сэтгэл, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцөд зөвхөн нэг байгууллага хэрхэн анхаарч болдгийн томоохон жишээ болж байна” хэмээв.


УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, “Яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамж хоёр дахин нэмэгдэж, зохион байгуулалтаа шинэчиллээ. Иргэд шинжилгээ, оношилгоогоо бүрдүүлэх гэж нэлээд хугацаа ордог байсан бол яаралтай тусламжийн төвд оношилгоо, шинжилгээ ходоодны дуран, хэвлийн эхог нэг дор үзүүлэх боломж бүрдэж байна. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд хүлээх танхим байгаагүй. Харин одоо ар гэрийнхэн хүлээх тухтай танхимтай боллоо. Гаднаас ямар нэгэн байдлаар хордсон хүн орж ирэх юм бол цэвэрлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Мөн үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгахад анхаарсан. Өвчний түүхээ нээлгэхийн тулд ийш тийшээ явдаг байсныг болиулж, яаралтай тусламжийн төвийн үүд хэсэгт байрлууллаа. Үйлчлүүлэгч хэвтдэг нэг ортой байсныг тав болгож, бүх тусламж үйлчилгээ нэг дороо төвлөрч хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдсэн гэж ойлгож болно.


Мөн тус эмнэлэг эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургах сургалтын эмнэлэг болохын хувьд суралцагч, оюутнуудын хөгжлийг дэмжих зорилгоор Сургалт эрдэм шинжилгээний төвийг нээн ашиглалтад орууллаа. Сургалтын төвд оюутны номын сан, сургалтын танхимууд, онлайн төв, амралтын хэсэг, хувцас солих, хадгалах өрөө зэрэг дадлагажигч эмч нарт хэрэгтэй бүхнийг цогцоор шийджээ.



Холбоотой мэдээ