Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг аймгийн Засаг даргад гардуулан өгөв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-16 17:41:31

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр аймгийн Засаг даргад хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан төлөвлөгөөг хүлээн авах үеэр: “Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар аймгийнхаа нутаг дэвсгэр, хүн зоны аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлийн бэлэн байдалд иргэд суралцах, эрсдэл багатай даван туулах үндэс бүрдэж байна. Төлөвлөгөөнд албан хаагч бүрийн гүйцэтгэх үүрэг тодорхой тусгагдсан бөгөөд цаашид уг төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахад та бидний хамтын ажиллагаа ихээхэн чухал юм” хэмээв.

Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Үнэнхүү, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 2018 оны зургаадугаар сард батлагдаж, тус хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-тэй болжээ. Монгол Улсын Их Хурлаас 2018 онд батлан гарсан Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэл, 21 аймгийн Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах ажил 2019 онд зохион байгуулсан. 2019 оны 11 дүгээр сард Батлан хамгаалахын сайдаар батлагдсан байгаа. Завхан аймгийн хувьд Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар томилж төсөл боловсруулах ажлыг 9 сарын хугацаанд хийж Батлан хамгаалах яамны холбогдох газар хэлтэст дөрвөн удаа хянуулж батлуулах ажлыг зохион байгуулжээ.

Энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах тогтолцооны үндсийг бүрдүүлэх, бүс нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, ард иргэдийг эх оронч үзэл, сэтгэлгээтэй, учирч болох эрсдэлд өөрийгөө хамгаалах бэлэн байдлыг хангахад чиглэгджээ. Энэ онд аймгийн 24 сумын Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг аймгийн Засаг дарга батлах юм. Цаашид төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна. Аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн оролцоо маш чухал юм хэмээн Завхан аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ