Мал аж ахуйг хөгжүүлэх замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-17 17:04:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Мал аж ахуйг хөгжүүлэх замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааг "Мерси Кор Монгол" олон улсын байгууллагаас явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Тус байгууллагын зүгээс энэ сарын 15-ны өдөр “Бизнес эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар Сэлэнгэ аймгийн махны өртгийн сүлжээн дэх түншлэгч бизнесүүдийг танилцуулах, мэдээлэл хуваалцах, өртгийн сүлжээний оролцогчдын үйл ажиллагааг танилцуулан, зах зээлийн өнөөгийн хэрэгцээ шаардлага болоод үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар харилцан ярилцлаа. "Мерси Кор Монгол" олон улсын байгууллагаас Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Хөтөлбөрийн гол үйл ажиллагаа нь мал аж ахуйн зэх зээл, ялангуяа үхрийн аж ахуй хөгжих хамгийн их боломжтой Сэлэнгэ, Булган, Хэнтий аймагт төвлөрч байгаа гэнэ. Үүнээс гадна Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймагт малын тэжээл үйлдвэрлэгчдийг дэмжих, малын зөөврийн хашаа тараах, мал эмнэлгийн сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.

Дээрх хөтөлбөр хэрэгжиж буй хугацаанд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хоршоотой хамтран чанар, үр шим өндөртэй казахын цагаан толгойт үхрийн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн тус сумын хувийн мал эмнэлэгт малын зөөврийн хашаа өгчээ. Түүнчлэн Хушаат сумын “Ар сэвд могойт” ХХК-ийн тэжээл тариалах үйл ажиллагаанд дэмжлэг өгч ажилласан байна. Энэ мэт үйл ажиллагаанд нь дэмжлэг өгөхөөс гадна бизнес хөгжлийн цуврал сургалтуудыг зохион байгуулсан аж. Тухайлбал малын эмч нарт зориулж орчин үеийн оношилгоо, менежментийн сургалт зохион байгуулсан нь малчдад үзүүлж буй мал эмнэлгийн үйлчилгээ сайжирсан байна.    

Мерси Кор эл зорилгынхоо хүрээнд энэ удаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Сайхан, Сант, Сүхбаатар, Хушаат, Цагааннуур, Шаамар суманд:

-Махны зах зээл, үйлдвэрлэл

-Малын эрүүл мэндийн үйлчилгээ

-Малын үржил,

-Малын тэжээл тариалалт, үйлдвэрлэл гэсэн чиглэлээр төслийн санал авч байгаа аж.   

"Мерси Кор Монгол" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа казахын цагаан толгойт үхрийн үүлдэрлэг чанарыг сайжруулах, улсын хэмжээнд загвар болохуйц мал үржлийн нэгж байгуулах төслийг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Тус сумын “Хушаатын Баялаг” мал үржлийн хоршоо, Мерси Корын гэрээт “Хөгнө Мээж” үндэсний зөвлөхийн баг хамтарч хэрэгжүүлж байгаа юм.

 

Холбоотой мэдээ