Жаргалтхаан сумын эрчим хүчний чадлыг гурав дахин нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-17 10:21:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор “Цэнхэрмандал” дэд станцыг өргөтгөн, Цэнхэрмандал -Жаргалтхаан сумыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам барьжээ. Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын ажлын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар энэ бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд оролцлоо. 

Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм. 

Дэд станцыг 35/6 киловаттаар өргөтгөсөн байна. Ингэснээр хүчдэл унах асуудал шийдэгдэж, хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж байгааг “Багануур- Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” /БЗѲБЦТС/ ТѲХК-ийн захирал Н.Тавинбэх мэдэгдлээ. Ѳнгѳрсѳн жилийн хавар Ерѳнхий сайд тус суманд ажиллах үеэрээ сумын иргэдийн гаргасан санал санаачилгыг үндэслэн эрчим хүчний асуудлыг шийдсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар БЗѲБЦТС ТѲХК 35/6 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын ѳргѳтгѳл, Цэнхэрмандал-Жаргалтхаан 44,5 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 1600 кВа хүчин чадалтай 35/10 кВ-ын Жаргалтхаан дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ийнхүү хүлээлгэж ѳглѳѳ.





Холбоотой мэдээ