Ихэнх нутгаар цас орно

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-01-09 09:49:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө, маргаашдаа Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 10-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ