УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-08 07:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхэлж, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 12.00 цагт хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.


Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, зургаан асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ