ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-03 16:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын багцаас ГССҮТ-ийн Ерөнхий захирлын санаачилгаар 2019 оны дөрөвдүгээр улиралд Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт иж бүрэн засвар хийлээ.

Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалсан, дуу чимээнээс тусгаарласан, бие даасан тусгай тасгийн зохион байгуулалттай болж буй юм. Тус тасгуудыг хүлээж авах ажиллагаа өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус тасаг өнгөрсөн онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортой Улаанбаатар хотын 5 дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн 1499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Мөн нийт 980 хүүхдэд тулгуур хөдөлгөөний гэмтэл, согогийн мэс засал амжилттай хийсэн байна.

Мөн олон улсад хийж буй судалгаанд суурилсан “Хүүхдийн чөмөгт ясны эмгэг хугарлыг сунадаг хадаасаар бэхлэх”, Шилбэний төрөлхийн гажгийг эмчлэх мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлсэн байна.


Ташрамд дуулгахад, тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг өнгөрсөн онд 125.688 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Энэ нь 2018 оныхоос 14.407 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн дүн юм. Харин амбулаторийн тасгаар нийт 59.734 өвчтөн үйлчлүүлсэн нь 2018 оныхоос 272-оор их үзүүлэлт аж. Эдгээр үйлчлүүлэгчийн 16.481 буюу 9 хувь нь хэвтэн эмчлүүлснээс 68.3 хувь нь мэс засал хийлгэжээ.


Холбоотой мэдээ