Монгол Улс 130 оронтой татварын мэдээлэл солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-02 14:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. 


Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гарах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл  харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор  Засгийн газар 2017 онд 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 онд 157 дугаар захирамж гаргасан. Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д нэгдэхээ илэрхийлж, 2019 оны 11 дүгээр сарын 26-нд БНФУ-ын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд 130 улстай татварын мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү санал хураахад хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.

Холбоотой мэдээ