Баян-Өлгийн тамирчид олон улс, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 91 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-29 13:02:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тамирчид 2019 онд тив дэлхий, олон улс, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс 19 алт, 33 мөнгө, 39 хүрэл, нийтдээ 91 медаль хүртсэн амжилт гаргажээ.

Үүнээс 23 медалийг тив дэлхий, олон улсын тэмцээнээс, 68 медалийг улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн байна.

Дээрх уралдаан тэмцээнүүдийн үр дүнд хоёр тамирчин спортын олон улсын хэмжээний мастерын, есөн тамирчин  спортын мастерын, таван хүн дэд мастерын нормативыг тус тус биелүүлжээ.

Зарим тамирчдын амжилтаас товч дурдахад, Баян-Өлгий аймгийн шигшээ баг Монгол Улсын Ерөнxийлөгчийн ивээл дор Сэлэнгэ аймгийн Сүxбаатар xотод өнгөрсөн нэгдүгээр сард зоxион байгуулсан "Үндэсний цом-2019" футзалын тэмцээнд түрүүлжээ. Мөн ахмад тамирчин Х.Берболат Улаанбаатар хотод болсон гүйлтийн тэшүүрийн мастеруудын улсын аварга шалгаруулаx тэмцээний 55-59 насны ангиллын 500 м, 1000 м зайд нийлбэр дүнгээр алтан медаль хүртжээ.

Тамирчин Х.Бекнур Улаанбаатар хотод зохион байгуулсан цагдаа, хүчний байгууллагуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 91 кг-ын жинд нэгдүгээр байр, БНХАУ-д болсон цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  боксын төрөлд мөнгөн медаль, каратэгийн төрөлд алтан медалийн эзэн болжээ.

Харин Б.Жандос 2019 оны Самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 90 кг-ийн жинд нэгдүгээр байр, Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр, Казахстан Улсын Алматы хотод  болсон "Азийн цом-2019" Олон улсын залуучуудын тэмцээнээс хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн байна.

Холбоотой мэдээ