Дэлгэрхааны хунчрыг дэлхийн брэнд бүтээгдэхүүн болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-23 17:51:41

Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтийн брэнд”-ээр нэрлэгдээд буй Монгол хунчрын үйлдвэр Дэлгэрхаан суманд ашиглалтад орохоор бэлтгэлээ базааж байна.

 

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба саяхан тус компанийн ажил, Канад технологийн сэндвичэн шинэ үйлдвэрийн барилгатай танилцлаа. Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улааны үржил шимтэй хөрсөнд хувийн хэвшлийн “Астра рүүт” компани, тариаланч Л.Энхбат монгол хунчрыг тарьж ургуулж байна. Тэрбээр тарьсан хунчраа Солонгос, Хятад, Зүүн хойд Азийн орнууд руу экспортолжээ. Дээрх компани 300 шахам га газарт хунчир тарьж, ховордож устаад байгаа байгалийн ургамлын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Энэ жил 80 га газраас 60 гаруй тонн хунчир хураан авч, хатааж боловсруулахын зэрэгцээ хэрчиж, савлан Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрөгч есдүгээр сарын 20-ноос эхлэн 11 дүгээр сарын 15-ныг хүртэл 60 шахам хоногийн хугацаанд хунчир хураасан төдийгүй өдөрт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ургацаа хурааж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн гэлээ. Тухайлбал, нэг кг хунчрыг 800 төгрөгөөр орон нутгийн иргэдээр хураалгаж, компанийн зүгээс 48 сая төгрөгийн орлого оруулсан байна. Тус компанид байнгын 12 хүн ажилладаг бөгөөд хаврын тариалалт, намрын ургац хураалтад ажилтнаа нэмдэг. Улаанбаатар хот руу 5-7 хоногт хунчраа зориулалтын баглаа боодолд савлан нийлүүлж байна.

Хунчрыг жил өнжүүлэн /хоёроос дөрвөн жил/ тарьж, хурааж авдаг бөгөөд тухайн компани талбайгаа хуваарилан тарьж, жил бүр ургац хураан авч эхэлж байгаа аж. Мөн хурааж авсан талбайдаа гала үйлдвэрийн төмсийг бордоо хэрэглэлгүйгээр тарьж, хураан авсныг тариаланчид ярьж байлаа. Үйлдвэрийн барилга бүрэн ашиглалтад орсноор хунчраар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд дөхөмтэй болох аж. Аймгийн Засаг дарга үйлдвэрийн ажилчид, сумын удирдлагуудтай уулзах үеэрээ М.Амбага докторын монгол хунчраас гаргасан эд, эс нөхөн сэргээх эмийн талаар яриа өрнүүлж, Дэлгэрхааны хунчрыг Дэлхийн брэнд бүтээгдэхүүн болгох зорилттой байгаагаа дуулгалаа.

Дэлхийн олон улсын эрдэмтэд хунчрын ач тусыг судлан тогтоож хортой, хоргүй хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг хүнд өвчний үед уух, урьдчилан сэргийлж хэрэглэх олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгон ашигласаар байгаа юм.

Монгол оронд ургамлын төрөл зүйл ховордож устаж байгаагийн жишээнд монгол хунчир ордог. Хүний тамир тэнхээг сайжруулж шархыг эдгээж хлостериныг бууруулдаг олон талын ач холбогдолтой уг ургамлыг сүүлийн 200 гаруй жил урд хөрш рүү гаргасаар байгаад одоо Монголд нэгэнтээ ургахаа байсан мэдээ саяхныг хүртэл эрдэмтдийн ярианд дурсагдаж байсан юм.

Холбоотой мэдээ