Асгатын мөнгөний ордоос дээж авах ажлыг амжилттай гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-20 16:38:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 28 тоот тогтоолоор Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг 100 хувь "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчид болон “Асгат кент” компанийн ажилчид уурхайн амыг нээж технологийн дээж авах ажлыг өнгөрсөн 11 дүгээр сарын 1-нээс энэ сарын 18-ны өдрүүдэд гүйцэтгэсэн байна.

“Далд уурхайгаас дээж авах ажлын туслан гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт манай компани шалгарч, лабораторийн шинжилгээ хийх дээж авах, уурхай хүртэл очих замыг засах, ордын амыг нээх үүрэг хүлээсэн. Тухайн ордын олон жилийн турш ашиглагдаагүй битүү байсан хэвтээ малталтуудыг нээхэд орон нутгийн компанийн хүчин чадал хүрэхгүй. Тийм учраас Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албатай хамтран ажиллалаа. Үүний үр дүнд 20 тонн дээж авч ажлаа дуусгаж, одоо холбогдох газарт хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн “Асгат кент” компанийн захирал Х.Муратай хэллээ.


“Асгатын мөнгөний ордод малталт хийсэн таван хэвтээ ам байдаг. Үүнийг нээх ажилд энгийн иргэдийг оруулах бололцоогүй, мэргэжлийн аврагч нар ажиллах шаардлага байсан. Бид далд уурхайн хоёр амыг нь нээх зорилготой ажиллав. Үндсэн амны байрлал нь далайн түвшнээс 2891 метр өндөр. Тал газартаа 20-30 см, гуу жалга, уулын налуу хэсэгт 10 метр хүртэл цасан хунгар тогтсон байсан. Олон жил ашиглаагүй болохоор усны нэвчилтээс болж уурхайн ам битүү мөсөн бүрхүүл тогтсон байдалтай байлаа. Бид 270 орчим метр уурхайн гүний 250 дахь метрээс нь хоёр газарт араам бэхэлгээ хийж, технологийн дээж авч “Асгат кент” компанид хүлээлгэж өгсөн” гэсэн мэдээллийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулга өгөв.


Гэхдээ Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлын талаар хэлэх арай эрт байна. Одоо бэлтгэл ажлууд явж байгаа. Ордын лиценз нэгэнт төрийн мэдэлд ирсэн болохоор авсан дээжид лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Үүний дараа хөрөнгө оруулагчидтай ярих ажил залгаад явна гэдгийг дээрх хүмүүс онцоллоо.

Ташрамд сануулахад, Монгол Улсын стратегийн ордуудын жагсаалтад орсон Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт аймгийн төвөөс 172 км, сумын төвөөс 72 км зайд Монгол-Оросын хилийн зааг дээр оршдог. Ордын судалгааны ажил 1953 онд эхэлж, 1990 он хүртэл эрэл, үнэлгээний болон геологийн зураглалын ажлыг тус тус хийжээ. Үүний үр дүнд Асгатын мөнгөний ордын мөнгөний нөөцийг 7369.8 тонн, зэс болон бусад холимог металлын нөөцийг 227,436 тонн хэмээн тогтоосон байна. Хэрэв тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 500 хүнийг ажлын байраар хангах боломжтой ажээ.



Холбоотой мэдээ