УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.35 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг багтжээ. Үүний дараа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрүүгийн хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг тусгасныг дурдлаа. Тэрбээр, “Улсад их хэмжээний хохирол учруулсан, нийгэмд шуугиан дэгдээсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдчихээд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн цоорхойг ашиглаж ял завшсан этгээдүүдийг дахин шалгаж, хуулийн хариуцлага тооцох нь зөв” гэсэн санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ийнхүү чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.